images

10 баримт: Гамшиг тохиолдоход өөрийгөө хамгаалахын тулд яах ёстой вэ?

Н.Ариунсайхан

10 баримт

2023-06-08


Өнөөдөр 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт болох гэж байна. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрөгч сарын 5-нд сэтгүүлчдэд зориулан “Мэргэшиж мэдээлье” гамшгаас хамгаалах сургалт хийх үеэр сурч мэдсэнээ танилцуулья.

1. Газар хөдлөлтийн үед хүмүүс ихэвчлэн “Суу, нуугд, хүлээ!” гэсэн зарчмыг дагаж, барилгын дотор эсвэл ширээн доор удаан хугацаагаар хүлээдэг. Гэвч хүчтэй чичиргээ ихэвчлэн нэг минут үргэлжилдэг тул газар хөдлөлт таныг хэзээ ч хүлээхгүй гэдгийг санаад өөрийн нөхцөл байдал, эргэн тойрноо зөв үнэлж задгай талбайд гарах нь чухал.

2. Дэлгүүр, зах, олон нийтийн газар явж байх үед газар хөдөлбөл яаран гарах гэж үймэлдэх хэрэггүй. Учир нь, яарсан олон шахалдаж, цаашлаад нэгнийгээ түлхэж унагаах, гэмтээх аюултай.

3. Ямар ч үед баруун гарын дүрмээ баримталж явахаа мартав!

4. Учир нь, аврагчид барилга дотор болж буй гал түймэр, ямар нэгэн хорт утаа дэгдсэн бүсээс иргэдийг гаргахдаа үргэлж барилгын баруун ханыг дагаж, аврах ажиллагаа явуулдаг. Энэ нь харанхуй, аюултай нөхцөлд зүг чигээ алдахаас сэргийлдэг гэнэ.

5. Яаралтай үед гадагшаа гарах гарц, хаалга хаана байгааг заадаг сум буюу “Exit” бичиг яагаад ногоон өнгөтэй байдаг гээч? Учир нь хүний ухаан санаа самуурсан, гэнэтийн шоконд орсон үед нүдний хүүхэн хараа ганцхан ногоон өнгийг л ялгаж таньдаг байна. Тиймээс та зөвхөн ногоон өнгөөр л баримжаалж, гарах хаалгаа олно гэсэн үг.

6. Мэдээж гэнэтийн аюулын үед урьдчилсан бэлтгэл, хувцас хунар чухал гэдгийг бид бүгд мэднэ. Тэр дундаа айл өрх бүр гэр бүлийн хурал хийж, гамшгийн урьдчилсан төлөвлөгөөтэй болох хэрэгтэй. Аюултай нөхцөлд хэн нь хэнийгээ авч хэзээ гарах, хаана уулзах, гэрийнхээ хүнд тавилгуудыг хананд яаж бэхлэх, ханандаа шилтэй жаазтай зураг өлгөх үү, үгүй юу гэдгээ шийдээд өрхийн гишүүн бүрийн тоогоор бэлдэх аранз буюу яаралтай үед хэрэглэх үүргэвчиндээ юу бэлдэх багтаах зэргээ бодож төлөвлөнө гэсэн үг юм. Ингэж гаргасан төлөвлөгөөгөө гэр дотроо бичээд өлгөсөн ч буруудахгүй.

7. Мөн хүн бүрийн үүргэвчинд сонин байвал зохилтой. Учир нь, сонин салхи нэвтрүүлдэггүй тул биеийн дулааныг хадгалахад тустайгаас гадна яс хугарч гэмтсэн үед чиг барих, ороох бооход ч ашиглаж болно. Арга мухардаж даарсан үед гал асаахад ч ашиглаж болно.

8. Япон улсад газар хөдлөлтөөс амьд үлдсэн иргэдийн 90-ээс дээш хувь нь гэр бүл болон хөршүүдийнхээ тусламжтайгаар аюулаас мултарсан байдаг. Тэгэхээр эргэн тойронд чинь хэн нэгэн аюулд орсон бол өөрөө тусалж, эсвэл цагдаа, авран хамгаалах байгууллагуудад дуудлага мэдээлэл дамжуулаарай.

9. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад зарцуулсан нэг доллар гамшиг тохиолдсоны дараах сэргээн босголтод зарцуулах долоон доллартой тэнцдэг байна.

10. Эцэст нь, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд аливаа байгууллага, иргэн биечлэн очиж, гамшгийн үеийн дадлага сургууль хийх бүрэн боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.