"Эрдэм" хакатоны шилдгээр монгол бүтээгдэхүүнээр нүүр, зовхины маск хийх төсөл шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2023-06-06
БШУЯ-ны дэмжлэгтэйгээр ШУА-иас Монголын “Инновацын долоо хоног”-ийн үеэр жил бүр зохион байгуулдаг “Эрдэм хакатон 2023” тэмцээн өчигдөр дуусч, шилдгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээнд мэдээллийн технологи, шинэ материалын технологи, биотехнологи, сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи, үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл гэсэн таван салбарын 32 төсөл өрсөлджээ. Ингээд тэмцээний эцсийн шатанд Биотехнологийн хүрээлэнгийн “Mongolian Artimes” буюу монгол бүтээгдэхүүнээр нүүрний болон зовхины маск гаргах төсөл шалгарч БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн судалгааны тэтгэлэг хүртлээ. Харин цемент ашиглахгүй бетон гаргаж авах “Эко хөнгөн бетон” төсөл дэд байрт шалгарч ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн судалгааны тэтгэлэгээр шагнуулав. Мөн гуравдугаар байрт “Meta-cock” буюу хиймэл оюун ухаан ашиглаж бүтээсэн ажлын ярилцлагын тоглоом шалгарч, тус тэмцээнийг хамтран зохион байгуулж буй бусад байгууллагуудын нэрэмжит таван сая төгрөгийн тэтгэлгийг хүртжээ. Энэ уралдаанд өрсөлдсөн залуус эцсийн шалгаруулалтаас өмнө төслөө боловсруулахад суралцах сургалтуудад хамрагдсан бөгөөд шилдэг төслийг зургаан гол үзүүлэлтэд тулгуурлаж шалгаруулдаг байна.
“Mongolian Artimes” төслийн багийнхан шагналаа гардаж байна. Гэрэл зургийг Шинжлэх ухаан, технологийн төв.
Мөн тэтгэлэгт шалгараагүй ч “Хөрсгүй тариалалтын технологиор малын тэжээл тариалах” төсөл сонирхолтой төслүүдийн нэг байлаа. Энэ нь Дархан-Уул аймгийн залуусын хэрэгжүүлж буй буудайнаас малын таван нэр төрлийн тэжээл ургуулах төсөл юм. Төслийг санаачлагачид долоо хоногийн дотор нэг килограмм буудайнаас зургаан килограмм өвс ургуулдаг байна. Тэр өвс нь нэг боодол буюу 18-20 килограмм өвстэй тэнцдэг аж. Мөн “Хүчит тэжээл багсармал” нэрийн буудайн соёолжноос дөнгөж цухуйж буй өвсөн тэжээлийг савлаж зах зээлд нийлүүлж байгаа нь малын тэжээлийн дундаж үнээс дөрөв дахин хямд гэнэ. Тэд энэ жилийн хакатонд төслөө танилцуулахын өмнө “Бухандай” гэдэг компани байгуулжээ.
Буудайн соёолжноос өвс ургуулсан байгаа нь. Гэрэл зургийг Шинжлэх ухаан, технологийн төв.
Түүнчлэн “Эрдэм хакатон” тэмцээний үеэр өмнөх таван жилийн тэмцээнд шилдгээр шалгарч, тэтгэлэг хүртсэн залуусын хэрэгжүүлсэн төслийн бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн дэлгэв. Тухайлбал, өнгөрсөн жилийн оролцогчид “For You” батганы эсрэг биотехнологийн аргаар гаргаж авсан гоо сайхны багц бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлжээ. Нэг жилийн дотор үйл ажиллагаагаа явуулах лабораторитой болж чадсан тэдний бүтээгдэхүүнийг өсвөр насны хүүхдүүд их хэрэглэдэг болсон гэнэ. Мөн 2022 оны хакатоны ялагчид “Бэхэн нүд” чонон хармагтай цайгаа зах зээлд нийлүүлсэн байна. Түүнчлэн “Живэрт” брэндийн загасны хоол, “Mesora” шилмүүснээс нэрж гаргасан эфир, шинэ төрлийн хүнсний мөөг, хаягдал хувцаснаас гаргаж авсан өнгийн цаас гээд монгол залуусын эко аргаар бүтээсэн шилдэг бүтээлүүдийг өмнө жилийн хакатоны шилдгүүд танилцууллаа.
“For You” батганы эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн. Гэрэл зургийг Шинжлэх ухаан, технологийн төв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.