images

Фрэдди Мэркюүрийн “Bohemian Rhapsody” дуу анх “Mongolian Rhapsody” гэдэг нэртэй байжээ

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2023-06-02


     Домогт “Queen” хамтлагийн хамгийн алдартай дууны нэг “Bohemian Rhapsody” анх “Mongolian Rhapsody” нэртэй байсан хэмээн Америкийн “New York Times” сонин өнгөрсөн бямба гарагийн дугаартаа бичжээ. Тус сонины сурвалжлагч Алекс Маршаллын бичсэнийг үзвэл, 1975 онд нийтийн хүртээл болсон энэ дуу гарахаасаа өмнө үнэхээр “Mongolian Rhapsody” хэмээх нэртэй байсныг баримт нотолж байгаа аж. Фрэдди Мэркюүрийн багын бөгөөд маш дотнын найз, өдгөө 73 настай Мэри Остин дуучны нэг хэсэг эд хөрөнгийг “Sotheby’s” дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Ф.Мэркюүри Англид ирээд таван жил болсны дараа буюу “Queen” хамтлагт элсэхээсээ нэг жилийн өмнө жирийн ажилчны охин Мэри Остинтой танилцаж, үхэн үхтлээ нөхөрлөсөн юм. 1991 онд түүнийг нас барахад Лондоны Кэнсингтон дахь гэр нь бүх эд хогшилтойгоо М.Остинд үлджээ. Тоглолтын болон бусад хувцас, гэрийн тавилга, уран зураг гэх мэт төрөл бүрийн нийт 1500 эд зүйлийг дуудлагаар худалдах бөгөөд тэдгээрийн дотор “We Are The Champions” зэрэг хэд хэдэн алдартай дууны үг, аяыг гараар бичсэн ноорог байгаа юм. Тэдгээрийн нэг нь “Bohemian Rhapsody” дууны 15 хуудас ноорог ажээ. Уг нооргийн нэг хуудасны эхэнд “Mongolian Rhapsody” хэмээн бичсэнийг дарж баллаад, дээд зайнд нь “Bohemian” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ дууны анхны нэр нь “Mongolian Rhapsody” гэж байсан нь тодорхой, харин “Bohemian” гэдэг засварыг харин зохиогч нь чухам хэзээ, яагаад хийсэн нь бүрхэг юм. Энэ хуудас өчигдөр буюу 6 дугаар сарын нэгний өдрийн пүрэв гарагт “Sotheby’s” компанийн Нью-Йорк дахь байранд гарсан үзэсгэлэнд тавигдсан бөгөөд үзэсгэлэн 8-ны өдрийг хүртэл гарна.      

Ф.Мэркюүрийн “Mongolian Rhapsody” хэмээн бичсэнээ баллаад,“Bohemian” гэж өөрчилсөн хуудас.

     “Sotheby’s” компанийн ном, гар бичмэлийн шинжээч Габриэль Хитоны үзэж байгаагаар Ф.Мэркюүри энэ дууг туурвиж байхдаа үгийн сонголтын тухайд нэлээд эргэж буцаж байсан бөгөөд сонгосон нэг үгээ ойролцоо дуудлагатай нөгөө үгээр олонтаа сольж байсан нь уг нооргоос тодорхой харагдаж байгаа аж. “Bohemian” гэдэг үг нь хэлэгдэх байдлынхаа хувьд “Mongolian” гэдэг үгтэй адилхан, өөрөөр хэлбэл хэмнэл нэгтэй үг болохыг тэрбээр “New York Times”-ын сурвалжлагчид ярилцлага өгөхдөө тэмдэглэн хэлжээ. Английн “British Midland” нисэхийн компанийн албан бланкан дээр нэлээд замбараагүй бичсэн дуунуудын ноорогт “Mongolian” гэдэг үг ганцхан газар байгаа нь энэ юм. Эдгээр нооргийг бүхэлдээ 1.2-1.5 сая паундын үнэ хүрнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд тухайлбал “We Are The Champions” дууны 9 хуудас ноорог 200-300 мянган паунд, “Somebody to Love” дууны 19 хуудас ноорог 200 мянган паундаар зарагдана хэмээн тооцоолж байгаа аж.

     Алдартай хамтлагуудын зарим дууны нэр анх өөр байсан тохиолдол олон байдаг. Тухайлбал “Beatles” хамтлагийн “Yesterday” дууны анхны нэр “Scrambled Eggs” гэж байсан нь нийтэд тодорхой хэрэг. Харин “Bohemian Rhapsody” дууны тухайд анх өөр нэртэй байсан нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд анх удаа мэдэгдэж байгаа нь энэ юм. “New York Times”-ын сурвалжлагч "Queen” хамтлагийн тухай хэд хэдэн ном бичсэн Марк Блэйктэй утсаар холбоо барьж ярилцсанд тэрбээр “Bohemian Rhapsody” дууны анхны нэр “Mongolian Rhapsody” гэж байсан нь хөгжилтэй боловч гайхаад байхаар зүйл биш гэжээ. “Queen” хамтлаг бусад хамтлагийн нэгэн адилаар дуундаа анх нэг их юм бодолгүй нэр өгчихөөд хожим нь өөрчлөн эцэслэж байсан явдал цөөнгүй байдгийг тэрбээр дурдаад Дэвид Боуитэй хамтран дуулсан “Under Pressure” дуу нь анх “People on Streets” гэж нэртэй байсныг сануулсан байна.

     Сурвалжлагч мөн хамтлагийн гитарчин, өдгөө 76 настай Брайан Мэй, цохивор хөгжимчин, өдгөө 74 настай Рожэр Тэйлор нартай холбоо барьж “Mongolian Rhapsody” нэрийн талаар тайлбар өгөхийг хүссэн боловч татгалзсан хариу авчээ. 2002 онд бүтээгдсэн нэгэн баримтат кинонд Брайан Мэй “Bohemian Rhapsody” хэмээх нэрийг Ф.Мэркюүрийн анх дурдсан тэр үеийг дурсан ярихдаа “Фрэддийн үнэнээсээ юу эсвэл тоглоод ингэснийг бид яг таг мэдэхээсээ өнгөрсөн. Зүгээр маазарч байсныг нь бүр хожим ойлгох үе байдаг, гэхдээ энэ нэр бол ингээд энэ чигээрээ үлдчихсэн юм” гэж байжээ. Харин “Queen” хамтлагийн намтарч Жим Жэнкинс хэлэхдээ “Bohemian Rhapsody” дуу ямар ч нэртэй байсан хит болох байсан нь гарцаагүй” гээд, яг нэрний хувьд бол “Mongolian Rhapsody” гэж байснаас одоогийн энэ нэр нь оновчтой сонголт болсон гэж үзэж байгаагаа сурвалжлагчид ярьжээ.

      Дашрамд сонирхуулахад “Bohemian Rhapsody” дууны үг “Mama, just killed a man / Put a gun against his head, pulled my trigger, now he’s dead” гэж байдаг бол дээрх нооргоос үзэхэд анх “Mama, there’s a war began / I’ve got to leave tonight, I’ve got to stand and fight” гэж байжээ.

   Редакциас: Мэдлэг, оюунд чиглэсэн эерэг мэдээ, нийтлэлийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй Follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.