images

Тоодог шувууг хэрхэн тоолов?

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-05-31


Энэ сарын 12-25-ны өдрүүдэд Увс нуурын дархан газрын Торхилог, Тэсийн голын байгалийн нөөц газрын Нарийны хөдөөд Монгол, ОХУ-ын Тува, Францын судлаачид хонин тоодог шувууны тоо толгой, тархац нутгийг тогтоох, жороо тоодог шувуу тэмдэглэх судалгаа хийсэн билээ. Иймд тус судалгааны талаар Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны Судалгаа шинжилгээ, мониторинг, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэнтэй утсаар ярилцлаа.

- Хонин тоодог тоолох, жороо тоодог илрүүлэх энэ судалгаа хэзээнээс эхэлсэн бэ?

- Өнгөрсөн жилийн аравдугаар сард тус судалгааг Тувагийн дархан газартай хамтран хийж эхэлсэн юм. Тэр үед би Увс нуурын тусгай хамгаалалттай газрын хойд хэсэг Давст сумаас хонин тоодог олно гэж бодоод очтол тэнд ер таараагүй. Харин буцах замдаа Баруунтуруун сумын Үзэм үтрэн тариалангийн талбайгаас 56 хонин тоодог тэмдэглэсэн. Энэ жил дахиад Францын шувуу судлаачид, Тувагийн дархан газартай хамтраад ноднин жил очсон Давст сумын өнөөх газартаа очиж 116 хонин тоодог тэмдэглэлээ. Яг тэндээ баруун аймгийн тоодог шувууны судалгааны ажиглалт хийгээд 2-4 шувуунд мэдээлэл дамжуулагч зүүх ёстой байсан боловч амжаагүй. Тэндээсээ буцаж Увс нуураа тойроод Тэсийн голын байгалийн нөөц газрын Нарийны хөдөөд 50 гаруй хонин тоодог бүртгэсэн. Тэнд хоёр тоодог шувуунд дохиолол зүүгээд одоо шилжилт хөдөлгөөнийг нь ажиглаж байна.

- Танай байгууллага болон Франц, Тувагаас хэдэн хүн хамтарч энэ судалгааг хийсэн бэ?

- Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын дарга, мэргэжилтэн, жолооч, тухайн газруудын байгаль хамгаалагч нар гээд нийт таван хүн манайхаас ажиллав. Харин Тувагийн Увс нуурын хотгорын дархан газраас найман хүн, Францаас хоёр судлаач, Шувуу судлах төвийн хоёр судлаач ороод нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц судалгаа хийлээ. Ерөнхийдөө жороо тоодог олж бүртгэх, хонин тоодогт мэдээлэл дамжуулагч зүүх ажлыг хийхээр зорьж, үр дүнтэй ажиллав.

- Энэ хоёр төрлийн тоодог шувуу ямар ялгаатай вэ, судалгаанд хоёуланг нь хамруулж чадав уу?

- Жороо тоодог хурдан хөдөлгөөнтэй, жижиг биетэй, ховор шувуу. Хонин тоодог мөн адил ховор шувуу боловч Увс нуурын хотгорт энэ шувууг хаана бууж, өдөлж, өндөглөж, яаж байна гэдэг судалгаа дэлхий дахины анхаарлыг татаж байна. Ерөнхийдөө дэлхий даяар тоодог шувууны судалгаа хийж байгаагаас манай сав газрын захиргаа Монгол дахь тоодог шувууны тооллого судалгааны Баруун Монголын хэсгийн судалгааг хийж гүйтэтгэсэн. Тиймээс энэ шувуу Увс нуурын ай сав газрын хаа хаана байгааг бүртгэж, тоо толгойг нь тоолсон гэсэн үг. Тэгэхээр Зүүн Монголд бас энэ судалгааг хийнэ. Харин бид сая нэн ховор жороо тоодгийг бүртгэж чадсангүй. Гэхдээ нутгийн иргэд, малчдын яриагаар бол хурдан хөдөлгөөнтэй, жижиг тоодог нь манайд бий гээд байгаа юм. Энэ хоёр тоодогны амьдрах орчин ондоогоос гадна ажиглахад их төвөгтэй.

- Хаана өвөлждөг, хэр хол нисдэг шувууд вэ?

- Яг энийг судлахын тулд сая хоёр тоодогт мэдээлэл дамжуулагч дохиолол зүүсэн юм. Баруун Монголын тоодог шувуу аль улсад очиж өвөлждөг, хэр хол нисэж байна вэ гэдгийг яг одоо тогтоох гэж байна. Өнтэй жил хоол тэжээл сайн байвал энэ хавьдаа өвөлждөг гэж байгаа юм.

- Шувуудад дохиолол зүүхийн тулд яаж барьж авсан бэ. Судалгааны арга барил, мэргэжлийнхээ онцлогоос яриач?

- Гурван орны хамтарсан экспидец шөнийн цагаар ажиллаж, гэрэлтүүлэх арга ашиглан судалгаагаа хийлээ. Шөнийн цагаар унтаж байхад нь барьж аваад цусны дээж, шинжилгээний сорьц аваад, биеийг нь хэмжиж, хөлд нь мэдээлэл дамжуулагчаа зүүгээд тавьсан. Одоогийн байдлаар дохиололтой хоёр шувуу маань байрнаасаа хөдлөөгүй л байна. Учир нь, үржил нь хаана явагдаж байна, тэндээ л байдаг. Нөгөө талаасаа бидний судалгааны зорилго хаана үржиж, хаашаа нүүж очиж байна гэдгийг тогтоох юм. Хонин тоодог их том шувуу шүү дээ.

Хонин тоодог шувуу. Гэрэл зургийг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа.

- Гурван улсын экспидец ямар нэг төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байна уу?

- Тувагийн Увс нуурын хотгорын дархан газрын захиргаанаас хийж байгаа тооллого манай талд гараад ирчихсэн. Өөрөөр хэлбэл, бид нэг ажил хийж байгаа юм. Харин Францаас санхүүжилт нь гарч байгаа. Ерөнхийдөө Франц, ОХУ, Арабын орнууд хамтраад нэн ховордсон жороо тоодог нутагшуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Саяын судалгаа бол энэ ажлын эхлэл. Манайд жороо тоодог байсан боловч одоо дахиж тэмдэглэгдэхгүй, олдохгүй бол энэ шувууг дахин нутагшуулах хэтийн том төлөвлөгөөтэй ажил юм. Манайх бол жороо тоодогны унаган нутаг.

- Тоодог шувууны судалгааг Монголд анх удаа хийж байгаа нь энэ юм байна, тийм үү?

- Тийм. Манай Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газарт 367 зүйлийн шувуу бий. Бид үүгээр ном хүртэл гаргасан. Гэхдээ яг тоодог гэдэг ховор шувууг тусгайлан судлаагүй гэсэн үг. Бид өнгөрсөн жил 56, сая 150 гаруй гээд нийт 200 гаруй толгой хонин тоодог бүртгэв. Яг одоо би тоодог шувууныхаа ажил дээр ирчихсэн, дэргэдээс нь ажиглаад зогсож байна. Тусгай хамгаалалттай газрынхаа хоёр ажилтантай хамт энэ ховор шувууд тэмдэглэгдсэн газрын ойр орчмын иргэд, малчдад “Дэлхийд ховор шувуу энд байгаа шүү. Ийм зүстэй шувуу бий. Амьдрах орчныг нь хамгаалахад туслаарай. Мал амьтан, нохдоосоо хамгаалаарай” гэдгийг хэлж таниулах, мэдээдэл өгч, сурталчлах, хамгаалах ажлыг хийгээд явж байна.

- Баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.