images

300 жилийн өмнө монголчуудын дунд 17 жил амьдарсан швед гэр бүлийн түүх

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2023-05-30


     Дундад зууны Монгол улсын түүхэнд гадаадын иргэд монголчуудын төр, цэрэг, дипломат, иргэний албанд зүтгэж байсан жишээ туйлын арвин. Сүн улсыг дайлахад орос цэргүүд хүчин зүтгэж байсан, хэрэм цайз эвдэх төхөөрөмж үйлдэх ажлыг араб мэргэжилтнүүд удирдсан, солонгос хүн эзэнт гүрний жуух бичгийг барин Японд зорчсон, улмаар хятан, уйгар, перс, хятад хүмүүс өөр өөрийн авъяас чадварын хэрээр монголчуудын их гүрний их үйл хэрэгт “биеийн хүчин үнэлж” байсан жишээ баримт өдий төдий бөгөөд дийлэнх нь нэр устайгаа манай үед хүрч ирснийг тоочвол Хубилайн дипломат элч Марко Пологоос эхлэн үргэлжилнэ. Гэхдээ энэ бол Монголын их гүрний мандлын үе. Харин энэ үеэс хойш 300 гаруй жилийн дараа ч холхи харийн хүн монголчуудад зүтгэж явсан баримт бий нь сонин. Мартагдсан ийм баримт олон байж болох ч, арай ч мартагдаж гээгдэлгүй өдий хүрсэн, гэхдээ бидний төдийлөн мэдэхгүй нэг баримтын эзэн нь тухайн үеийн соёлт Европын хүчирхэг их гүрэн Шведийн иргэн байсан нь бүүр ч сонин.

   Монголын Зүүнгарын хаант улс цэцэглэн мандаж байсан 1716 он. Казахын тал, Дундад Азийг уулгалан эрхшээж, Манж Чин улстай эн тэнцүү харилцаж байсан Цэвээнравдан хаан, Төвдийг довтлон эзэлсэн их Цэрэндондов жанжны ялгуусан аян дайныг эхлүүлэхээр бэлтгэж байсан энэ үес түүний нутгийн баруун хойд хязгаарт оросууд хэрэм бэхлэлт байгуулж буй хэл чимээ иржээ. Тухайн үед хэмжээлшгүй баялаг бүхий Сибирийн уудам дайд, Алс Дорнодыг уртааш нь шударч, Курилын арал хүртэл хөлөө жийсэн Оросын хаан I Петр Баруун Сибирийн өмнөд нутаг, Дундад Ази тийш хараа талбиж байсан бөгөөд зарим сурвалжид тэмдэглэснээр, тэр зүгт алт арвин бий хэмээсэн Сибирийн губернийн анхны амбан захирагч И.Гагарины ятгалгаар дэд хурандаа Иван Бухгольцыг Эрчис мөрний эх рүү илгээсэн байна. И.Бухгольц 3000 шахам хүн, 60 гаруй том бага завь онгоц, 1500 агттай эргийн хамгаалалтын хамтаар Эрчис мөрнийг өгссөөр 1715 оны аравдугаар сарын нэгэнд Ямыш нууранд ирж, цааш явж хараахан зүрхлээгүй тул тэндээ хуарагнан, бэхлэлт шивээ барих ажилд оржээ. Шивээ барьсан газар нь одоогийн Казахстаны зүүн хойдод буй Павлодар мужийн нутаг юм. Нутаг оронд нь оросууд аймшиггүй халдсанд хилэгнэсэн Цэвээнравдан хаан үтэр түргэн гэдрэг буцахыг шаардаж элч илгээсэн боловч И.Бухгольц хүлээж авсангүй. 1716 оны хоёрдугаар сарын 10-ны шөнө Зүүнгарын арван мянган цэрэг Ямышийн цайзыг уулгалж юуны түрүүнд орос цэргийн агтыг олзолж авчээ. Монгол цэрэг улмаар орос цэргийн бэхлэлтийг бүслэн хаасан нь өвөлжин үргэлжлэв. Орост туслаар ирсэн нэмэгдэл хүч, хүнсний хангалтыг ойрадууд тухай бүрт нь олзлон авч байсан тул бэхлэлтийг сахин суугсад өлсгөлөн, өвчинд нэрвэгдэж, бие бүрэлдэхүүний дийлэнх нь буюу 2300 хүн нас баржээ. Орос, Зүүнгарын хилийн хот Тобольскоос ирсэн 700 хүнтэй цуваа, Ямышаас урагш аялж ойрадуудтай арилжаа хийхээр ирсэн 600 худалдаачин, их хэмжээний хүнс, орос цэргийн цалин тавих 20 мянган рубль бүгд монголчуудын гарт орсон байна. Дөрөвдүгээр сарын 28-нд И.Бухгольц Цэвээнравдангийн цэрэгт буун өгч гэдрэг буцав. Ойрадууд оросуудын барьсан хүрээ хороо, орон байшинг юу ч үгүй устгаж газартай тэгшлээд эд юмыг нь 18 завь онгоцонд ачуулан нутаг буцаажээ. Амьд үлдсэн 700 хүний олонх нь өвчинд баригдаж туйлдан сүнс сүлд нь арилсан бөгөөд ойрадууд олзолсон хүмүүсээсээ цэргийн хар лам, сангийн нярав хоёрыг нь тавьж тэдэнтэй илгээсэн гэдэг. И.Бухгольц гэдрэг явсаар хоёр улсын хилийн зааг Омь буюу монголоор Ээв голын доод урсгалд хүрч И.Гагарин амбаны угтуулан илгээсэн хүмүүсийг дайчлан цайз байгуулсан нь одоогийн Омск хот бөлгөө. Тухайн үеийн Монгол-Оросын баруун хойд хилийн зааг Омск хот өдгөө мөнөөхөн Казахстаны Павлодараас баруун хойш, өнөөдрийн манай баруун хилийн үзүүрээс даруй 1000 шахам километрийн алсад буй.      

     Өчүүхэн нийтлэлийн гол баатрын өчүүхэн түүх эндээс эхэлнэ. Ойрадуудын олзолсон хүмүүсийн дунд хэдэн швед хүн байсны нэг нь Юхан Гюстав Ренат гэгч байв. Шведийн армийн их бууны ангийн дэслэгч цолтой Нидерландын жүүдүүдээс гаралтай Ю.Ренат 1709 онд орос, шведүүдийн хооронд болсон Умардын дайны нэг хэсэг болох Полтавын тулалдаанд олзлогдсон 20 мянган шведийн нэг юм. И.Бухгольц Тобольскт цөллөгт байсан түүний инженерийн мэдлэгийг нь ашиглахаар ангидаа элсүүлж Ямышт авчирсан байжээ. Адал явдлаар дүүрэн амьдралт швед эрийн чадлыг энэ удаа Зүүнгарын хаан Цэвээнравдан хаан сорих болж Зүүнгарын нутгийн баруун этгээд, Или голын умард эрэг дэх Гулз хот дахь өргөө рүүгээ илгээсэн байна. Гулз буюу сүүлд оросоор Кульджа болсон тэр хот одоо Монгол-Хятадын хилээс баруун урагш 600 шахуу километрт Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Или-Казахын автономит тойрогт буй, хятадаар Иньин гэдэг.

     Марко Поло Хубилай хааны дэргэд 17 жил байсан гэдэг бол Ю.Ренат ойрадуудын дунд мөн л яг 17 жил байж Цэвээнравдан, Галданцэрэн хоёр их хааны нүүр үзжээ. Тэрбээр бусад швед нөхдийн хамтаар галт зэвсэг үйлдэх, их буу цутгах үйлдвэр байгуулахаас гадна уурхай нээх, малтах ажилд мөн зүтгэж байсан гэнэ. Хоёр хааны үед Зүүнгарын хаант улс Манж Чин улсын түрэмгийллийг амжилттай сөрөн зогссон нэг гол хүчин зүйл нь галт зэвсэг байсан бөгөөд үүнд Ю.Ренат тэргүүтэй швед “ах нар”-ын хүчин туслалцаа мундахгүй их байжээ. Зарим баримтад өгүүлснээр Цэвээнравдан хааны үед таван тохой урт их буу цутгаж байсан гэх бөгөөд Манжтай дайтаж ялалт байгуулсан Хотон нуурын тулалдаанд (1732 он) ойрадууд морь, тэмээнд их буу чирч аваачин буудаж байсан тухай И.Златкины “История Джунгарского ханства” зохиолд тодорхой бий. 1717 оноос хойш туж үргэлжилсэн Ойрад-Манжийн дайн Галданцэрэнгийн зургадугаар, Найралт төвийн 11 дүгээр он буюу 1733 онд өндөрлөж хоёр тал энхийн гэрээ байгуулсны дараа Галданцэрэн хаан урьд амласан ёсоор Ю.Ренатыг нутаг буцаажээ. 17 жил монголчуудад үнэнч зүтгэсэн швед эр хоосон буцсангүй. Өнгөрсөн хугацаанд хүртсэн тоймгүй их цалин пүнлүү, шан харамжаас илүүтэйгээр түүний олсон хамгийн том олз бол эхнэр нь байлаа. Зүгээр ч нэг эхнэр биш, швед эхнэр. Энэхүү өгүүллийн хоёр дахь баатрын түүх эндээс эхэлнэ.

Галданцэрэн хаан. Манжийн эзэн хааны зуруулсан энэ зураг Бээжинд байсан нь 1900 онд найман улсын цэргийн эвсэл Хятадад цөмрөхөд европчуудын гарт оржээ. Одоо Германы Мюнхений мүзэйд буй. 

     Шведийн Сконе мужийн Беккаскүг гэдэг газар 1679 онд офицерийн гэр бүлд төрсөн Бригитта Шэрзенфельд 1704 онд өөрийн хоёр дахь нөхөр, офицер Юхан Линдстрёмын хамт Шведийн Нарва цайзыг оросууд авсан тулалдаанд олзлогдож Москвад хүргэгджээ. 1711 онд тэрбээр мөн цэргийн офицер Михаэль Цимстэй гэрлэн улмаар Тобольскт цөлөгдсөн бөгөөд мөнөөхөн 1715 онд И.Бухгольцийн ангид багтан Зүүнгарын нутагт хөл тавьсан байна. Цэвээнравдангийн цэрэг Ямышийн цайзыг эзлэхэд К.Шэрзенфельд ойрадуудад олзлогдож нөхөр нь амь үрэгдэв. Цэргийн хүний охин, мөн цэргийн хүний эхнэр шазруун тул олзонд байхдаа монголчуудыг зүйл бүрээр эсэргүүцсэн чимээ нь Цэвээнравдан хааны сонорт хүрч, хаан ч түүнтэй уулзаж ярилцсаны эцэст зохих хэмжээний мэдэл олгож хатан Сэтэржавтаа аягачнаар өгчээ. Нэхмэлийн үйлд багаас мэргэжсэн швед бүсгүй удалгүй Цэцэн тэргүүтэй Цэвээнравдангийн охидод нэхмэлийн хичээл заах болсон байна. Хорь шахам жилийн дараа нутагтаа очоод бичсэн дурсамжид нь буйгаар бол Б.Шэрзенфельд Цэцэн гүнжийн тансаг хэрэглээний эд зүйлийг Яркенд хотод очин худалдаж авдаг итгэлт хүн нь болжээ. Таримын хотгорын түүхт хот Яркенд нь тухайн үед Зүүнгарын эрхшээлд байсан бөгөөд одоо Шинжаан-Уйгарын өөртөө засах орны баруун өмнөд дэх Кашгар тойрогт буй.

     1723 онд Цэвээнравдан хаан Халимагийн Аюуш хааны гурван хүүд охидоо бэр болгон өгөхөөр болов. Аюуш хааны элч охидыг авахаар Ижил мөрнөөс ирэхэд Цэцэн гүнж дотнын итгэлт швед “эгч”-ээ дагуулж явахыг ааваасаа гуйжээ. Гэвч Ижил мөрөнд очвол нутагтаа буцах өдөр улам холдоно гэж эмээсэн Б.Шэрзенфельд арга зохиож, Зүүнгарын олзонд байсан цэргийн инженер Ю.Ренаттай хуурамчаар гэрлэн Зүүнгарт үлдэж чадсан байна. 1727 онд Цэвээнравдан хаан нас барав. Түүний хүү Галданцэрэн хаан ширээнд суусан даруйдаа, эцгийгээ хор өгч алсан хэмээн Сэтэржав хатан (Галданцэрэн нь Цэвээнравдангийн их хатан Эсий буюу Сунгаравдангийн хөвгүүн юм) болон түүний гурван хүүхэд, ойр дотнын хүмүүсийг нь цаазлах, цөлөх зэргээр шийтгэсэн бөгөөд швед бүсгүй энэ шийтгэлээс мултарсан төдийгүй хожим нь Галданцэрэнг ятган олзны 134 орос, 19 швед хүнийг суллуулж чадсан гэдэг.

Шведийн хааны ордны музейд буй ойрад дээл. 1734 онд Б.Шэрзенфельд аваачсан. 

     1733 онд эхнэр нөхөр хоёр швед Ойрадад ирсэн Оросын элчийг дагалдан нутаг буцав. Галданцэрэн хаан Зүүнгарын төрд үнэнчээр зүтгэсэн швед бүсгүйд 20 шивэгчин өгч илгээсэн бөгөөд тэдний зарим нь замдаа нас барсаар ес нь Москвад хүрчээ. Ю.Ренат, Б.Шэрзенфельд нар Москвад очоод албан ёсоор гэрлэж улмаар 1734 онд нутагтаа очиж, Шведийн Стокхольм хотын хуучин төвд (Gamla stan) байшин худалдан авч төвхнөсөн бөгөөд нутагтаа авч очсон Алтан, Ямаахай, Зараа хэмээх гурван монгол шивэгчнээ Анна-Катарина, Мария-Стина, Сара-Грета хэмээн нэрлэж Христийн шашинд оруулсан гэдэг. Б.Шэрзенфельд хоёр жилийн дараа буюу 1736 онд 57 настайдаа бие баржээ. Монголоос түүний авч очсон улаан торгон ойрад дээл одоо Стокхольм дахь Шведийн хааны ордны музейд (Livrustkammaren) байна. Москвад байхдаа тэрбээр Вигор (Гүдвин) хэмээх англи эмэгтэйд дурсамжаа ярьж, ойрадуудын дунд байсан 17 жилийн түүхээ хүүрнэсэн бөгөөд тэрхүү Вигор Оросын тухай бичсэн номдоо швед бүсгүйн өгүүлснийг тусгай бөлөг болгон оруулжээ. 

     Ю.Ренатын үйлдсэн Зүүнгарын хоёр ч газрын зураг (Charta Geographica Calmachorum) одоо Шведийн Уппсалагийн номын санд буй. Энэ зургийн хуулбар 1878 онд Шведийн Хатан хааны номын сангаас олдсон бол эх хувь нь 1881 онд Уппсалагийн их сургуулийн архиваас гарч ирсэн гэнэ. Мөн онд Оросын Газар зүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, Дорно дахины судлаач, генерал А.Макшеев энэ зургийг анх нийтлүүлж туйлын сонирхолтой тайлбар хийсэн бий. Ю.Ренат нь нутагтаа очоод урьдын адилаар цэргийн албанд зүтгэж 1739 онд ахмад цолтойгоор чөлөөнд гарчээ. 2005 онд казахууд Н.Назарбаевынхаа тушаалаар 40 сая доллар зарж, “Нүүдэлчин” гэдэг кино хийсэн бөгөөд өөрсдийг нь өөд нар үзүүлэлгүй дэвсэлж байсан дайчин ойрадуудыг мангар, өөрсдийгөө баатар болгож харуулах зорилготой энэ киноны нэг хэсэг, тухайлбал их буугаар туршилтын буудлага хийж буй хэсэгт ногоон дээлтэй европ хүн харагддаг нь даруй энэ Ю.Ренатыг үзүүлсэн хэрэг билээ.  

      1730-аад онд соёлт Европын их гүрэн Шведийн нийслэлийн төвийн нэг айлд гэрийн эзэн, эзэгтэй хоёр нь монгол хэлээр, тэр байтугай бүр цэвэр баруун монгол аялгуугаар ус цас шиг ярилцаж, шивэгчин бүсгүйчүүдтэйгээ ч тийн хэлэлцэн кофе оочлон инээж ханиаж суусныг одоо төсөөлөхөд сонин биш гэж үү?

Өгүүллийн эхэнд: 300 жилийн өмнө Шведийн иргэн Ю.Ренатын үйлдсэн Зүүнгарын газрын зураг. Энэ зургаар бол Монголын ойрадуудын эзэнт улсын баруун хил одоогийн Казахстаны Балхаш нуурт тулжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Үнэн шүүдээ тэр үед муу хасагууд ойрадын барлаг байлаа шүүдээ....

    2023-06-02

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.