images

Бариач Г.Шомбо: Арван есөн настайдаа хүний ясны хугархай эдгээж байлаа

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-10-26


     Намуухан дуутай, жижигхэн бор өвгөн өнгөрөгч наймдугаар сард болсон Монгол соёлын фестивальд Ховд аймгийн соёлын биет бус өвийг тээгчдийн дунд ирсэн нь Г.Шомбо гуай. Наадмын талбайд тугаллаж байсан сарлагийн үнээ рүү гүйхээрээ очиж, өрөөсөн хөл нь толгойтойгоо цухуйгаад гацсан тугалыг татан гаргаж буй түүний бичлэг нийгмийн сүлжээнд тархсан билээ. Тэрбээр энэ тухай “Сарлаг тугаллахдаа чанга. Гунжин үнээ юм билээ. Тугал нь дотроо бүтэж байсан болохоор татаж гаргаад чих рүү нь үлээж амьсгаа оруулсан. Энэ хавийн айлын мал шиг байна лээ. Үнээ тугаллуулах бол наад захын ажил” гэж ярив. Бариачид үнээний дэлэн хатгах, малын эргүү ухах зэргээр энэ байтугайг хийдэг нь үнэн. Өнгөрсөн жил Г.Шомбо гуай хэлгүй хүүхдийг хэл оруулсан. Үүний учрыг асуувал “Хүүхэн хэл хөдөлж байж ярьдаг. Хойшоо агсах эсвэл хажуу тийш хазайчихвал гацаж хэлгүй болдог юм. Судсыг нь хөөж барихаар хэл ордог” гэж тайлбарласан юм.

Удам дамжсан бариач

     “Ах нь 1959 оны хүүхэд. Манай өвөөгийн удамд оточ, домч хүмүүс байсан. Өвөөгөөс эхэлбэл би гурав дахь үеийн бариач. Миний өвөө Мөнхөө эхний үеийнх. Мөнхөөгийн Гайлаа гэж миний аав хоёр дахь үеийн юм отдог, домнодог, барьдаг хүн байв. Мөн миний ээж Увсын Сагил сумын бариачийн удамтай дөрвөд угсаатан байсан. Гайлаагийн Шомбо би гурав дахь үеийн бариач юм. 43 жил дахь жилдээ хүн барьж байна. Анх арван есөн настайдаа ясны хугархай барьж, бариач болж байлаа. Тэр нь чөмөгний хугархай байсан юм. Тэрнээс хойш доргисон толгой, бөөр, мултарсан, хугарсан яс барив. Анагаахаар бол артери буюу нарийн хялгасан судсыг арван хуруугаараа мэдэрдэг. Дотор таван цул эрхтэн түгжирсэн үү, гацсан уу, эмэгтэйн хэвлий хазайсан уу, яасан бэ гэдгийг мэдэрнэ. Вен эсвэл артерийн судсанд байна уу гэдгийг сольж дараад мэднэ” гэсээр яриагаа эхлүүлэв. Үргэлжлүүлэн “Өвөө минь гал ус тахиж, хугарсан булгарсныг эвлүүлдэг байсан юм билээ. Тэгээд л эсэргүү гэгдэж баригдаад, алах ял авсан ч арван нэгэн жил суугаад гарсан гэдэг. Том буурайг амьд байхтай би таараагүй. Ардчилал гарч хэлмэгдэгсдийг цагаатгахад манайд нэг сая төгрөг өгсөн дөө” хэмээн хуучиллаа. Г.Шомбо гуайн өвөө таван цулын судас бариа хийдэггүй байж. Тиймээс тэрбээр эхийн талаас энэ чадвараа өвлөсөн бөгөөд Увсад суудаг Нямсүрэн, Юмсүрэн нарын хоёр нагац нь судас барьдаг аж.

-Отох, домнох, барихын ялгаа юу вэ?

-Отно гэдэг нь биеийг ямархуу байгааг тандаж мэдэх юм. Домноно гэдэг нь ургамлын тан, ан гөрөөсний мах, цурлахын аль нэгээр эдгээхийг хэлнэ. Цурлана гэдэг нь давс эсвэл архийг ямар нэг юмтай хольж ороох юм. Эхлээд отож мэдээд, дараа нь болохгүйг нь домнож, цур татдаг гэсэн үг. Тэгээд цурынхаа өнгийг харна. Шар өнгөтэй бол гайгүй. Улаан гарвал хүнд. Түүхий сүү гашилгаад цагаан маарланд шингээгээд ороочихно. Цагаан сүү шарласан байвал гадна талын венийн судасных. Ногоорсон байвал анагаах гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цурын өнгө ногоон бол эмнэлэг явуулж, шар бол өөрөө барьдаг. Нэг ёсондоо цураар шинжилгээ авч байна гэсэн үг. Тэрнээс наанахыг нь барина. Булгарсныг эвлүүлж, хугарсныг нь мөн барьж эвлүүлээд, ороох эсвэл наалт наана.

- Хугарсныг юугаар наадаг гэж?

- Дээр үед илэг элдэж наадаг байсан юм. Одоо анагаахын бэртэнгийн цаасан наалт гэж сайхан юм гарсан байна. Бас эмнэлгийн уян, хатуу боолтууд бий. Түүгээр ороочихно. Хамгийн гол нь гараараа бариад зөрүүг нь эвлүүлсэн байх шаардлагатай. Орчин үед шөрмөс гэмтээд хатангирших гэж нэг аюултай юм байна. Зөөлөн эд, венийн судас нь эвгүйрхчихээр тэгж байгаа юм” хэмээн ярив. “Мах нь гэмтвэл бэрсүү татчихна. Хатуураад бондойчихдог юм” гэж өөрийнхөө шуун дээр үзүүлээд “Иймийг цур татаж эмчилнэ. Дөрөв эсвэл зургаан цагаар хөөж барина” гээд, судас хөөхийг мөн л өөр дээрээ харуулав. Судсаар гүйх бондгор юмыг дээрээс нь доош гүйлгэсээр алга болгож бөглөөг нь гаргадаг аж. Ингэж зөөлөн эдийг эмчилж байж, дараагийн эмчилгээг хийдэг байна.

-Танд анагаахын хуучин ном судар бий юү?

-Гарт мэдэрснээ толгойгоороо сэтгэж барих учраас би ном судар үзээгүй. Манай хоёр буурай өндөр настай учраас ном судар гаргаагүй юм билээ. Тэр үед тийм юм хорио цээртэй ч байж. Тэгж дарагдаж байсаар цаг гайгүй болоход би барьж эхэлсэн дээ. Одоо би зуу гаруй хүүхдийн ээж болсон байна. Манай дунд залуу гэртээ төрж, би эх барьж байлаа. Тэр үед эмч домч ховорхон байсан цаг даа.

-Анагаахын сургуульд сурах тухай бодож байв уу?

-Ахад нь тэр таарахгүй. Анагаах чинь анатомиороо, физик эмчилгээгээрээ явчихна. Хичээлээр заалгадаг болохоос гараараа мэдрэхгүй. Сурсан чиглэл мэргэжлээрээ явчихаар тэд судас бариад онош хэлж болохгүй шүү дээ. Тэмээ ямаа шиг юм болно. Харин эмчтэй хамтарч ажиллаж болно. Энэ хугарсныг шохойдуулъя гэж болох юм. Гэвч тэд заавал мэс засал хийх, хадаж эвлүүлэх шаардлагатай болдог тул надад бас л тохирохгүй. Тийм болохоор би өөрөө бариад, эмчлээд яваад байна.

-43 жилийн хугацаанд та хэдэн хүн барьсан бэ. Тоолж байв уу?

-Тоо байхгүй ээ. Ард түмэн одон медалийн сургаар тоо гаргалаа гэж ярьдаг л юм. Өдөрт багадаа 50 хүн барьдаг. Сүүлийн үед 90, 100 руу орох гээд байна. Тэрийг өдрийн 50 хүнээр тооцсон юм билээ. Ингэхээр бараг 800 мянга гэдэг тоо гарч байна гэсэн.

- Судасны лугшилт тоолж өвчнийг мэддэг үү?

- Тэгнэ ээ. Ширүүн цохиж байна уу, зөөлөн лугшиж байна уу гэх мэт. Хоёр гарын судсыг зэрэг дарахгүй бол болдоггүй юм. Тэгэхээр дөрвөн судас зэрэг дарна. Тэгээд наана дарахаар нийт найман судасны цохилтоос өвчнийг олно” гэсээр миний судсыг чагнав. Тэгээд энэ толгойн өвчин, ой тогтоолтынх, энэ хөлийн өвчнийх, харин энэ шүднийх гэх зэргээр нарийн тайлбарлаж өглөө. Шүд өвдвөл судсыг нь бариад л намдаачих аж. Хэрэв тэгээд үл намдвал баавгайн доньт тусаах, чүдэнзний хүхэр үйрүүлж дарах арга хэрэглэдэг гэнэ. Мөн “Шүд өтөөр нэг өвдөнө, буйлны заагт цус хурахаар нэг өвдөнө. Хатгаж, ханаж эдгээж болно” гэж ярилаа.

-Ингэхэд хүний биед хэдэн цэг байдаг вэ?

-76 цэг бий. Одоо ч өвчтөнийг хараад нүдний хараагаар хүртэл баримжаалдаг болжээ. Хүүхэд олохгүй эмэгтэйн дотор эрхтний судсыг барьдаг. Курс эмчилгээ хийдэг юм. Эмэгтэй хүн савныхаа хоёр талд тус бүр 43, нийт 86 судастай. Эрэгтэй хүн найм, найм гээд 16 судастай байдаг юм. Эмэгтэй хүн далан судас илүүтэй. Тэр олон судсаараа хүн бий болгож, төрүүлдэг гэсэн үг.

-Өвчин зовуурь гэдэг сэтгэл санаатай их холбоотой гэдэг?

-Сав нь хөөрсөн эмэгтэй солиордог. Гэнэт цочирдсон хүн хэлгүй, хараагүй болно. Тийм бол аяганд ус хийж тавьчхаад тарни бичээд хөвүүлдэг. Тэр тарни ус руугаа живж байвал арвай тариа хийгээд өнөөхдөө дусааж байгаад арчина. Тэгэхээр цагаан цагаан юм унана. Нөгөө хүн маань нүд орно. Энэ бол дом юм.

-Та шавьтай юу. Энэ эрдмээ хүнд түгээхдээ хэр байнав?

-Тэгэх гэхээр бас хүнд юм. Заавал судас мэдрэх авьяастай байхгүй бол болохгүй. Мөн өөрийнхөө мэдрэмжийг тайлж чадахгүй бол хэцүү. Бариач хүн ямар хүнийг барьж болохгүй вэ гэдгээ хараад л мэддэг байх хэрэгтэй. Тархины менингит барьдаггүй. Хэрэв баривал гар хүрүүт явчихна. Мөн бөөрний дутагдал барихгүй. Нойр булчирхай барихгүй. Бяцарсан яс барихгүй. Хорт хавдар барихгүй. Газар усны хорлол, хараал, хэл ам, мэнгэ голлосныг барихгүй. Мөн энэ ковидыг бариад эдгээхгүй. Тэр бүрийг мэдэрч байж барьдаг байх хэрэгтэй. Би хоёр залуу, гурван охинтой. Тэднээрээ судас даруулж үзсэн юм. Яг мэдэрч хэлж чаддаггүй. Нэг охин л сүрхий мэдэрнэ. Яс талдаа байх гэж би ойлгоод байгаа. Гэвч химийн багш болоод явчихлаа. Мэргэжлийнхээ ажлыг хийж байгаад, нас ахихаараа барих юм байлгүй. Бас нэг домч залуу гарч мэдэхээр байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.