Б.Айман: Азийн олимпиадад оролцсоноор физикт улам их татагдлаа
Чихэнд чимэгтэй
2023-05-29
Улаанбаатар хотноо болсон Азийн физикийн олимпиадад улсаа төлөөлөн оролцсон Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Аймантай ярилцлаа. Тэрбээр анги дэвшин оролцож өөрөөсөө хоёр насаар ах хүүхдүүдтэй өрсөлджээ.
- Азийн физикийн олимпиадад оролцох эрхээ яаж авсан бэ?
- Уг нь энэ олимпиадад тухайн улсын сургуулийн хамгийн дээд ангийн хүүхдүүд оролцдог. Манайхаар бол 12 дугаар ангийн сурагчид оролцох ёстой. Гэхдээ улсын олимпиадад анги дэвшиж оролцоод Азийн олимпиадад орох эрхийг авч болдог. Миний хувьд улсын олимпиадын хоёрдугаар шат буюу Баян-Өлгий аймгийн физикийн олимпиадын 12 дугаар ангийн төрөлд түрүүлээд дараагийн шатанд өрсөлдөх эрх авсан. Ингээд Говь-Алтай аймагт болсон 34 дэх удаагийн улсын физикийн олимпиадын эхний найман байрт шалгарч орон нутгаас Азийн физикийн олимпиадад оролцох эрх авсан юм. Олимпиад манай улсад болж байгаа учраас найм, найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг оруулах боломжтой байсан. Бид 16-гийн гурав нь 10, хоёр нь 11, үлдсэн нь 12 дугаар ангид сурдаг. Мөн 10 нь Улаанбаатар, зургаа нь орон нутгийн хүүхдүүд. Уг нь улсын олимпиадаас найман аймгийн хүүхэд эрх авсан ч хоёр нь сайн дураараа Азийн олимпиадад оролцохоос татгалзсан. Тиймээс тэдний оронд нийслэлийн сурагчид оролцохоор болж, Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас нэг нэг хүүхэд ирж оролцлоо. Энэ олимпиадад 26 орны 195 хүүхэд өрсөлдсөн. Найман хүн нэг баг гэж явдаг ч багаараа шагнал авдаггүй. Медалийн болзол хангасан нь л шагнал авдаг. Олимпиадын дүн гарахад манайхаас Нийслэлийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль авлаа. Бусад улсаас гэвэл Хятад, Оросын хүүхдүүд бүгд алтан медаль авсан.
- Манай багш нарын зохиосон бодлого маш сайн болсон гэж байна. Бодлого хэр хүнд, сонирхолтой байсан бэ?
- Олимпиад онолын, туршилтын гэсэн хоёр хэсэгтэйгээр хоёр өдөр үргэлжилсэн. Онолын гурван бодлого, туршилтын хоёр бодлого байснаас аль алийг нь таван цагийн хугацаанд бодож, хийж дуусгана. Би энэ жил анх удаагаа Азийн физикийн олимпиадад оролцлоо. Бодлогууд нь сонирхолтой, бас хэцүү байсан. Таван цагийн хугацаанд сүүлийн минут хүртэл нь чадахаараа л бодлоо. Бид гэрлийн долгионы болон хэлбэлзлийн гэсэн хоёр туршилт хийснээс надад хэлбэлзлийн туршилт нь их таалагдсан. Бидэнд хоёр бөмбөг өгсөн юм. Тэр бөмбөгнүүдийг мөргөлдүүлээд ямар хэлбэлзэл үүсэхийг телескоп гэдэг багажаар хэмждэг.
- Олимпиадын бэлтгэлээ яаж хийсэн бэ?
- Орон нутгаас шалгарсан хүүхдүүд дөрөвдүгээр сарын 8-нд Улаанбаатарт ирээд МУИС-ийн багш нарын удирдлага дор тус сургуулийн лабораторид бэлтгэл хийсэн. Сүүлийн арав хоногт нь “Грийн” сургууль дээр дадлагажсан.
- Танай сургуульд физикийн туршилт хэр их хийдэг вэ?
- Манай сургууль физикийн туршилт барагтай хийлгэдэггүй. МУИС-д бэлтгэл хийхээр ирэхдээ л анх удаа туршилтын багажуудтай танилцаж, туршилт хийж үзлээ.
- Олимпиадын үеэр орон орны хүүхдүүдтэй танилцаж, найзлав уу?
- Зөндөө найзтай болсон. “Олон улсын олимпиадын нэг давуу тал нь зөвхөн хоорондоо өрсөлдөх бус өөр өөр улс орны сонирхол нэгтэй, нас чацуу хүүхдүүдтэй танилцаж, олимпиад дууссаны дараа ч тэдэнтэй сайхан харилцаатай болж үлдэх явдал байдаг. Энэ олимпиадын нэг зорилго нь ийм” гэж хаалтын арга хэмжээн дээр Олимпиадын зохион байгуулах хорооны дарга хэлж байна лээ. Үнэхээр олимпиадын зорилго ялахад биш нөхөрлөхөд оршдог юм байна. Би Саудын Арабын Рөүз гэдэг охинтой найзалсан. Мөн Узбекистан, Казахстаны хүүхдүүдтэй найзууд боллоо. Олимпиадад багаараа түрүүлсэн Хятадын хүүхдүүдтэй танилцах гэж үзсэн ч англи хэл сайн мэдэхгүй гэж байсан. Гэхдээ хэл мэддэг өөр хятад хүүхэд байсан байх. Манай улсаас оролцсон хүүхдүүд ер нь бүгд англи хэлэндээ сайн байлаа.
- Шинэ найзуудтайгаа юун тухай ярилцсан бэ?
- Бид нарын улсын соёл, зан заншлаас гадна олон улсын олимпиадад оролцож байсан туршлага, энд ирэхээсээ өмнө бэлтгэлээ яаж хийсэн тухай ярилцсан. Саудын Арабын хүүхдүүд туршилтын тоног төхөөрөмж хомс байсан болохоор Индонезийн Жакарта хотод очиж туршилтаа бэлдсэн гэж байна лээ.
- Олимпиадад оролцож буй хүүхдүүдийн хүйсийн харьцаа ямар байсан бэ?
- Монголын 16 хүүхдээс хоёр нь охин байсан. Олимпиадад оролцсон хүүхдүүдийг хоёр зочид буудалд хувааж байлгасан юм. Би “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Анирчулуу эгчтэй нэг өрөөнд амьдарлаа. Мөн Саудын Арабын найз маань багийнхаа ганц эмэгтэй нь байсан. Хятад, Оросын найман хүүхэд бүгд эрэгтэй. Ер нь улсуудад сайндаа л нэг эсвэл хоёр эмэгтэй хүүхэд байна лээ. Мөн улс бүрийн багийг хоёр багш удирддаг. Би олимпиадын үеэр эмэгтэй багш нартай таараагүй. Манай багш нараас авахуулаад бүгд эрэгтэй байсан.
- Олимпиадын үеэр та нар ямар журам мөрдсөн бэ?
- Олимпиадын онолын шалгалт 23-нд, туршилт 24-нд болсон. Тэмцээн эхлэхээс нэг өдрийн өмнө буюу 22-нд бүх хүүхдийн электрон хэрэгслийг хурааж авсан юм. Учир нь, бидний багш нар сурагчдаасаа урьтаж бодлогыг нь хараад өөр өөрийн орны хэл дээр орчуулж өгдөг. Олимпиадын бодлого албан ёсоор англи хэл дээр байдаг гэсэн үг. Тэгээд олимпиадын шалгалт эхлэхэд төрөлх болон англи хэл дээр бодлогын өгөгдөл ирдэг. Мөн багш нар өгөгдлийг орчуулахаас гадна бодлогын хэлэлцүүлэг хийж тухайн бодлогын тавилтын талаар ярилцдаг. Тиймээс багш нар хүүхдүүдтэйгээ ямар нэг байдлаар харьцаж болохгүй учраас гар утас, электрон төхөөрөмжүүдийг хурааж авсан. Тэр хугацаанд сурагчид өөр хүнтэй уулзаж, буудлаасаа гарч болохгүй. Зөвхөн хөтөлбөрийн дагуух арга хэмжээнд оролцохдоо л гарч болно.
- Долоо хоногийн хугацаанд ямар ямар газруудаар явж танилцсан бэ?
-Олимпиадын нээлт Төрийн ордонд болсны дараа үдийн хоол идчхээд үдээс хойш Чингис хааны музейтэй танилцсан. Мөн Монголын шашны болон түүхэн дурсгалт газруудаар аялж, Тэрэлжид очлоо.
- Чиний мөрөөдөл юу вэ. Мэргэжлээ сонгосон уу?
- Одоохондоо IT designer гэдэг мэргэжил сонгочихсон байгаа. Гэхдээ ирэх хоёр жилийн хугацаанд миний бодол өөрчлөгдөж магадгүй. Учир нь, Азийн физикийн олимпиадад оролцсоноор би физикийг улам их сонирхдог боллоо. Энэ шинжлэх ухаан бидний эргэн тойронд байгаа бүх зүйлийн шалтгааныг судалдаг учраас анх сонирхож эхэлсэн юм. Тэр сонирхол маань сая улам нэмэгдлээ.
- Ахиад хоёр жил Азийн олимпиадад оролцох боломж байна даа?
- Сайн хичээвэл болох байх аа. Дараа жилийн олимпиад Малайзад болно гэсэн.
- Баярлалаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.