images

Монголын түүхэн дурсгалт газар, соёлын өвийн бүтээлүүдэд өнгөний судалгаа хийж өгөгдлийн сан боловсруулжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-22


     Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар удирдан “Өнгө судлалын ухаан, түүний зарим хэрэглээ” сэдвээр судалгаа хийжээ. Тус судалгааны багийнхан эртний барилга байгууламж, музейн гадна болон дотор байрлах соёлын өвүүдийн өнгө материал, шинж чанар, орчны нөлөөнөөс шалтгаалан яаж өөрчлөгдаж байгааг судалсан аж. Мөн өнгөний хэмжилт, өгөгдөлд дүн шинжилгээ хийх арга зүйн дагуу уран зургийг жинхэнэ эсэхийг шалгах туршилт судалгаа хийсэн байна. Тухайлбал, тус хээрийн судалгааг Уран зургийн галерей дэх түүхийн үнэт таван бүтээл дээр хийжээ. Улмаар “Азарганы ноцолдоон зурагт өнгөний хэмжилт хийж, цуглуулсан өгөгдөлд суурилан өгөгдлийн шинжилгээний таамаглал шалгах анализын аргаар уран зургийг таних арга зүй боловруулж туршилт судалгааг хийсэн байна. Мөн Богд хааны ордон музей, Хар балгас, Эрдэнэзуу хийдийн зургийг дроноор дээрээс нь авч, мультиспектрийн камераар зураглал хийн хэмжиж баримтжуулсан аж. Мөн л тус эртний байгууламжуудын өнгөний өгөгдлийг мэдээллийн санд оруулж, тухайн өгөгдлийг бүртгэдэг вэб технологид суурилсан программ хангамж хийжээ. Улмаар эртний уран барилгын өнгө будаг орчны нөлөөллөөс болж хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах, анхны өнгийг тогтоох арга, аргачлал боловсруулсан байна. Үүний тулд, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музейтэй хамтран ордон музей дээр хоёр долоо хоногийн давтамжтай судалгааг нэг жилийн турш хийжээ. Ингэхдээ 16  төрлийн будаг ашиглан 90 гаруй өнгөний дээж бэлтгээд өнгө тус бүр дээр цэгэн болон санамсаргүй хэмжилтүүд хийжээ. Үр дүнд нь Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицох материалын гэмтлийн хувьд хамгийн бат бөх, өнгөний хувьд хамгийн бага гандах будгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, Богд хааны ордон музейд тайлан, өгүүлэл, илтгэл хэлбэрээр танилцуулсан аж. Үүгээр зогсохгүй, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Богд хааны ордон музей, Орхоны хөндийн дурсгалт газар, Хархорин музейгээс хэд хэдэн соёлын өвийг сонгон нэг жилийн хугацаанд хоёр долоо хоногийн давтамжтай өнгөний хэмжилт хийж орчин, гэрлийн нөлөөнөөс хамааран өнгө гандах өөрчлөгдөх явцыг тодорхойлох арга зүйг боловсруулах судалгаа хийсэн байна. Ингээд Шанхын хийд, Богд хааны ордон музей, хэд хэдэн үл хөдлөх болон хөдлөх соёлын өвүүд дээр өнгөний гандалт тодорхойлох арга зүйг туршиж, өнгөний болон регрессийн, цувааны шинжилгээ хийх арга зүйг туршжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.