images

Хурдан шаргаа дурсахуй

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2023-05-18


Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, Монгол улсын аварга малчин Доржийн Дүгэржав идэр залуу насандаа  олон жил унаж эдэлж, уяж хурдлуулж явсан хайртай шарга мориныхоо тухай дурсамж бичиж манай сайтад ирүүлснийг уншигч олондоо толилуулж байна.    

     Намайг бага хүүхэд байхад манайд нэг шарга гүү байсан юм. Би цэрэгт яваад 1969 онд халагдаад иртэл тэр шарга гүүний төл гээд нэг сайхан шарга даага байж байлаа. Тэр намар манай аав ээж хоёр нэг айлын хуриманд уригдаж очжээ. Тэгээд шинэ айл болсон залууст нөгөө шарга даагыг бэлэг болгож өгөх гэснээ намайг тэр даагандаа их хайртай байдгийг бодоод өөр хээр даага өгнө гээд амлачихаж. Аав ээж хоёр минь тэр айлын хуримнаас эргэж ирээд надад тэр тухай ярьж “Нөгөө айлд нэг хээр даага барьж өгөхөөр болсон. Миний хүү тийм хээр зүсний даага олж өгөөд шарга даагаараа морь хийж ав” гэснээр шарга маань миний морь болсон юм. Тэгээд би нэгдлийн адуунаас нэг сартай хээр даага авч нөгөө айлдаа өгөөд шарга даагаараа морь хийж авах төдийгүй уяж уралдуулж эхэлсэн билээ. Шарга маань гунан насандаа сумын наадамд гуравт ороод, дөнөн насандаа дөрөвт ирлээ. Соёолон настайд нь наадамд уралдуулж чадсангүй. Хавчиг соёолон буюу зургаан настайд нь өнжих ёстой байтал би тэсэлгүй их насанд уралдуултал зургаад ирэв. Их сонин тохиолдол. Гунан насандаа гуравт, дөнөн насандаа дөрөвт, зургаан насандаа зургаад орж байгаа юм. Ингээд нас бие гүйцсэн хойноо сайн давхисан. Хөрш Манхан сумын наадамд нэг түрүүлээд, мөн Мөст сумын наадамд нэг түрүүлсэн. Бусад үед бол байнга айргийн тав дотор давхиж байлаа. Жирийн үед унахад хөнгөн сайвар явдалтай, номхон, ёстой нөгөө унахад номхон, уралдахад хурдан адуу байсан юм. Их сонин өвөрмөц морь байлаа. Уралдахаар гарааны зурхай руу зөөлөн алхуулаад очиж явахад дөрвөн туурай хүртлээ битүү хөлөрнө. Гараанаас гарч давхиад барианд орж ирэхдээ хөлс нь хатаад хуурай орж ирдэг байлаа. Ингэж нэг ч удаа айраг алдалгүй давхисаар 19 нас хүрсэн юм.

     Шарга морины дүү халиун морь, цавьдар морь, шарга халзан морь гээд удмаараа хурдан, сайн давхидаг морьд байлаа. Тэдний эх шарга гүү бол удмын сайн гүү байсан нь мэдэгддэг. Шарга гүү жил бүр нэг унага гаргана. Есөн эр, хоёр охин, нийт 11 унага төрүүлсэн байдаг юм. Шарга морийг минь манай хүүхдүүд бүгд унаж байсан. Их номхон, дүүхэлзтэл сайварлаад явдаг, их уран сайхан биетэй, жинхэнэ агтны дээд байсан даа. Зун зургаан сар гараад хонь ялгах болоход би шарга морио барьж унана. Тэр үед нэгдлийн олон малтай байсан болохоор ажилдаа түүртээд яг үнэндээ одоогийн мэргэжлийн уяачид шиг тийм сайн уяа сойлгыг нь тааруулж чаддаггүй байжээ. Зүгээр орой аваачиж аргамжиж дөрөв таван цаг идүүлээд, үүрээр эрт татаж уяхаас цаашгүй байлаа. Шарга минь нэг их идэмхий биш. Харин ч наадам дөхөөд ирэхээр өөрийгөө хэт сойгоод бүр идэхээ болино. Тэгэхээр нь цулбуураас нь бариад хөтөлж идүүлэхэд овоо гайгүй иднэ. Тэгэхгүй бол гадсаа тойрч давхиад бараг л идэхгүй.

     1973 онд манай Зэрэг сумын нэгдүгээр бригадын төлийн баяр гэж наадам болоход онцгой хол түрүүлж ирсэн. Тэгэхэд өөр газар уралдсан болохоор морь, хүүхэд аль аль нь замаа сайн мэдэхгүй, барианы зурхай хаана байгааг мэдэлгүй замаасаа хазайгаад торон хашаа руу яваад орчихож. Очиж мухардсан хойноо буцаад хашаанаасаа гарч ирээд зөв замдаа ороход арын морьд гүйцэж ирээгүй байсан гэдэг. Тэр хавьд нутаглаж байсан Агаа нэртэй миний нэг нагац бэргэн шарга морь замаасаа хадуурсныг хараад “Хүүе хаая, тэр морийг замд нь оруулах юмсан” гэж хашхирахад хамгаалалтын цагдаа нар цулбуурдаж бариад хөтөлж замд нь оруулаад тавьсан байгаа юм. Тэгэхээр нэлээд хол тасарч явсан хэрэг. Сүүлд би нэг удаа шарга мориороо айлын ороо азарга хөөж бугуйлдаж татаж байгаад хойд хөлийг нь бэрэвхийгээр нь гэмтээж орхисон. Бэрэвхий нь хавдаж хэсэг зуур доголоод гайгүй болсон. Эх шарга гүү нь ихэнхдээ эр төл гаргаж байсан болохоор одоо түүний үр төл үлдсэнгүй.

     Тээр жил Дарви суманд аварга хоньчин С.Цогтгэрэл баатрын түмэн хонины баяр болж наадам хийв. Би ч шарга морио аваад очлоо. Их насны морьд гарааны зурхай руу гараад нэлээд хугацаа өнгөрсөн явсан хойно хүмүүс барианы овоон дээр цугларч эхэллээ. Удалгүй их насны морьд тоос манаргаад гараад ирлээ. Тэгэхэд одоогийнх шиг нүд холыг харж чадахгүйн зовлон байх биш, дурангүй нүдээрээ хартал эхний тав зургаан бараан морьд дотор шарга морь минь ирж яваа харагдана. Тэр наадам жаахан зохион байгуулалт муутай болсон юм. Эхний морь барианы зурхай руу дөхөөд иртэл тал талаас морьтой хүмүүс дайрч ороод уралдаж орж ирсэн морьд, наадамчид холилдоод хаана юу болж байгааг мэдэх аргагүй боллоо. Уг нь морьд барианд дөхөөд ирэхэд гарцаагүй миний шарга өнгөлж явсан юм. Тэр эрчээрээ түрүүлээд ороод ирнэ гэж би бодож байхгүй юу. Гэтэл би морио түрүүлгэх биш харин ч тэр олон бужигнасан хүмүүс дотор арай чамай хайж эрж байж морь, хүүхэд хоёроо олж авсан. Ингээд бөөн маргаан болоод ямар ч шийдэлд хүрэлгүй, их насаа ч барьж чадалгүй өнгөрсөн юм. Говь-Алтайн Хөхморьт сумаас хэдэн сайн морьд ирсэн гэсэн сураг гарч байсан. Нутгийн нөхөд гаднын морь түрүүлгэхгүй гэж албаар ингэж будлиан хутгаж орхив уу даа гэсэн сэжиг төрөөд өнгөрсөн дөө.

Их шарга, бага шарга хоёр 1983 оны сумын наадмаар

   Цэргээс халагдаж ирээд бригадын аж ахуйн хаминдаа хоёр жил орчим хийлээ. Дараа нь хот явж багийн эмчилгээ тэжээлийн цэгийн хуваарьтай машин авч ирэв. Бас хоёр жил хэртэй нөгөө машинаа барьж жолооч хийлээ. Ингэтэл морьд маань ч гайгүй давхиад, би өөрөө ч бас барилдах ноцолдох сонирхолдоо хөтлөгдөөд 1971 онд сумын 50 жилийн ойгоор барилдаад түрүүлж орхив. Ингээд жолоочийн ажлаа өгөөд нэгдлийн хоёр суурь тэмээ аваад хөдөө гарсан юм. Хоёр суурь тэмээ гэдэг нь яг 270 эр тэмээ. Нэгдлийн тэмээ маллаж байхдаа ч шарга тэргүүтэй морьдоо уяж уралдуулсаар, айраг түрүү авсаар байлаа. Шарга морийг минь миний том хүү Амарзаяа найман настайдаа буюу сургуульд орох жилээсээ эхлээд арван дөрөв хүртлээ унасан юм. Хамгийн сүүлд 1987 онд манай Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдлийн ой болоход шарга морио уялаа. Гэтэл нөгөө хойд хөлийн бэрэвхийний гэмтэл нь сэдэрч хавдаад жаахан доголж байв. Шаргын маань нас ч нэлээд дээр гарч арван зургаа хүрсэн байсан юм. Ийм хөлтэй хөгшин амьтныг уралдуулах уу, болих уу гэж хэсэг тээнэгэлзлээ. Манай гэрийнхний зарим нь уралдуулаад дэмий гэж байв. Ингэсээр байтал юу юугүй наадам тулаад ирэв. Нэгэнт барьж сойсон юм, тоосыг нь үзье гээд наадмын өдөр хүүгээрээ унуулаад тавилаа. Нэгдлийн ой болж байсан болохоор нэлээд олон морь уралдсан том наадам болж байсан юм. Морьд барианд дөхөж ирэхэд эхний хэдэн морьд дотор шарга минь харагдаж байна аа. Нас өндөр, хөл нь гэмтсэн амьтан ийм гайгүй давхина гэж бодсонгүй. Морьд барианы зурхайд орж ирэхэд шарга морь минь яг айргийн тав дээр бариулж, аргагүй сайн хүлэг байснаа харуулан намайг тун их баярлуулж билээ. Шаргын минь хамгийн сүүлийн наадам энэ байсан бөгөөд айргийн тавд орсонд нь би хачин их бэлгэшээсэн. Үүнээс хойш наадамд давхиулалгүй зоргоор нь байлгаж байгаад арван найман нас хүрсэн хойно нь тогоо тосолсон доо. Шарга морины минь буян хишиг ч юм уу, түүний хойно уяж сойсон морьд минь ч боломжийн сайн давхидаг байсан. Одоо ч гэсэн би ная дөхсөн насан дээрээ хурдан агтны тоосонд орж, үр хүүхдүүдийнхээ уяж сойсон морьдыг харж баясан сэтгэлээ сэргээсээр явна. Өнгөрсөн жил зүүн аймгаас хоёр үрээ авсан. Энэ жилийн наадмаар тэр хоёрынхоо тоосыг үзнэ гээд догдолж сууна даа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.