“Saraa`s Live Concert”
Чихэнд чимэгтэй
2023-05-15
Монголын дуу хөгжмийн ертөнцийн хаврын тоглолтын давлагааны нэг том түрлэг нь дуучин Б.Сарантуяагийн “Saraa`s Live Concert” тоглолт байлаа. Энэ тоглолтын талаар дуучны “Хайрын бурхан” тэргүүт олон дууны шүлгийг урласан Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын бичсэнийг хүргэж байна. Зохиогч бичлэгийн энэ хэлбэрээ хөрөглөл хэмээн нэрлэжээ.
“Хайрын бурхан” дуугаа сонсоод өөрийн эрхгүй мэлмэрэв. “Энэ дууг Сараа дуулахыг ай даа, мөн ч олон сонсоо доо. Ингэж мэлтэрч, мэлмэрч байсан бил үү” гэх бодлын зурвас хэт цахих мэт зурсхийв. Дууны зохиогчдыг Сараа зарлаж байна. Ядаж Өөжгий байдаггүй. Яалт ч үгүй босов. Үзэгч түмнээ, бас Сараагаа хүндлэн гараа саран завъяа дэлгэн мэхийн ёслоод эргэн суув. Тоглолт үндсэндээ “Хайрын бурхан”-аар өндөрлөөд ч тэр үү, бас энэ дууны хөгжмийн шинэ найруулга төгөлдөр хуурын аязаас ч болсон уу, үгүй ээ, ерөөс Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдрийн гайхамшигт тоглолтын шидэт долгис намайг эзэмдэж буй нь энэ байх. Тэгээд ч хөгжмийн зохиолч Б.Долгион дуулах явцад “Ардын дуу болсон шүү” гэж мишээж, дуучин Б.Сарантуяа “Уйлж байна уу. Баярлалаа. Хамгийн том шагнал шүү, энэ” хэмээн уярч, дууг зарлалгүй эхлэхэд үзэгчид эхнээс нь даган түрж, тоглолтын их танхим тэр аяараа найрал дууны тайз болон хувирч, дуу гэгч тэнгэрт нүргэлж газарт нисэн буух хангарди мэт санагдахуйяа “Хайрын бурхан”-ны гэгээн даль жигүүрийг дахин олж харсан билээ.
Б.Сарантуяа тоглолтынхоо дунд хэсэгт “Хайрын бурхан-2” дууг дуулахын өмнө үг хэлэв. Тэрбээр “Эх орны дөрвөн зүг найман зовхист аялж, монгол эх орноо зургаан удаа тойрон аялан тоглосон. Энэ урт замын хамгийн анхны тоглолтоо “Хайрын бурхан” дуугаар нэрлэж байлаа. Аялан тоглолтоор 469, фургон, жип машин, онгоц хөлөглөж явахдаа “Хайрын бурхан”-аа дуулсан байдаг юм. “Хайрын бурхан” дууг онцсайн дуулсан гээд энэ дуу зохиогдсоны 20 жил, миний уран бүтээлийн 30 жилийн ойд зориулж “Хайрын бурхан-2” дууг Өөжгий, Хүрлээ ах маань бэлэглэж байсан. Би бол эрх дуучин. Намайг дандаа эрхлүүлж байдаг” гээд “Хайрын бурхан-2” дуугаа дуулсан юм.
Б.Сарантуяа өөрийнхөө төрсөн өдөрт зориулсан энэхүү тоглолтод 31 дуу дуулахад Б.Ангирмаагийн ая “Хайрын тэнгэр” /1996/, С.Оргилын ая “Чам руу, над руу урсана” /1994/, Д.Өлзий-Оршихын ая “Хайрын бурхан” /1996/, “Хайрын бурхан-2” /2016/ зэрэг миний 4 дуу багтсан нь багаар хэлэхэд бахархал, ихээр хэлбэл ид шидийн орчин мөн болой. Гайхалтай нь эдгээр дуунууд одоогоос бараг гучаад жилийн өмнө зохиогдсон гэхэд шинэ дуу шиг сонсогдож байна. Энэ бол дуучин дүү Сараагийн маань буян, гандан буурашгүйн гайхамшиг гэж хэлж болно. “Хайрын бурхан” цаашид ардын дуу мэт дуулагдах нь. Тэгэхээр 2026 онд “Хайрын бурхан” дууны 30 жилийн ойд “Хайрын бурхан-3” дуу зохиох нь л дээ. Ер нь дууг ингэж олон сери болгон бичиж, дуулж яагаад болохгүй гэж. Учир нь дуу бол өөрөө амьдралын аялгуут кино юм.
Төрсөн өдрөө тэмдэглэж буй хүн уг нь гэрийн хойморт тухлан, дайлуулж цайлуулж суух ёстой биз дээ. Харин дуучин Сарантуяагийн хувьд ард түмнээ хоймор суулгаад өөрөө дуу хуур болон тэдэнд үйлчилдэг нь гайхалтай. Нэг удаа биш л дээ, жил бүр л үзэгч түмнээ хормой дэвсэн хүндэлж, сүслэн дээдэлж байдаг юм. “Тоглолт болгон өөр байдаг. Өнөөдөр уулзсан учраас хэзээ ч дахин давтагдашгүй” гэж Б.Сарантуяа хэлнэ билээ. Энэ удаагийн тоглолтын нэгэн онцлог нь дууны зохиогчдоо тусгайлан зассан хүндэтгэлийн ширээнд суулгаж, дуу бүрийн өмнө тэднийг алдаршуулж сэтгэл зүрхний бүлээн дулаан үгээ харамгүй хайрлана билээ. Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын хувьд Зууны манлайгаар дуугаа дуулуулна гэдэг хийморийн дарцаг өргөх мэт хүслэн нь байдаг. Тэдний төлөөлөл энд сууж байна. Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, Б.Долгион, Б.Ангирмаа, С.Төрбат, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Ч.Ганболд, яруу найрагч У.Булган, Б.Нармандах, Г.Бүрэнжаргал, Л.Энх-Амгалан нар нэг эгнээнд сууж байна. UBS-ийн Нараа маань бүр хөөрчихсөн “Томчуулын эгнээнд сууж хайртай дуучнаасаа цэцэг авлаа” гэчихсэн бөнжигнөж байна. “25 дугаар суваг” телевизийн Бүрнээ маань ч ялгаагүй дэвэлзсэн харагдана. Уран бүтээлч хүнд ийм л урам ус агаар шиг хэрэгтэй байдаг даа. Тэд лав уран бүтээлийн шинэ гараан дээр ирснээ мэдэрсэн байх. Сахал Пүүжээ үе үе тамхилж, чимээгүйхэн бодлогоширч, “New Star”-ын Төрөө буландуухан сууснаа нэг харахад тайзнаа гитар тоглож байгаа үзэгдэнэ.
Б.Долгионы хувьд энэ өдөр онцгой байлаа. Тоглолтын эхэнд Сарантуяа “Энэ тоглолтыг Долгионы тоглолт гэж хэлж болно. Доолиогийн олон сайхан дуу дуулагдана” гэж хэлсэн юм. Үнэхээр түүний “Учралын блюз”, “Инээмтгий хүн”, “Сэхүүн салхи”, “Шүүдрийн ганцхан дусал”, “Тайтгарал”, “Чиний төрх”, “Сэтгэл ба хувирал” зэрэг зөндөө дуу дуулагдсан. Сараа бас “Би дүүтэй нь найзлаад, ахаар нь дуу зохиолгоод...” гэж хэлнэ билээ. Үнэхээр Б.Сарантуяа, Б.Ангирмаа, Б.Долгион нарын уран бүтээлийн гурвал, андлалын гарвал гайхалтай. Үе цагтаа үнэлэгдэж үлдэх, үргэлжлэх мөнхийн бүтээл явж явж сэтгэлийн андал, итгэлийн андгайн үр болон мэндэлдэг юм.
Б.Сарантуяагийн 53 насны 37 жилийг тайзнаа өнгөрүүлсэн гэдгээрээ бахархсан “Saraa`s Live Concert” Том Жагаа, Болд-Эрдэнийн “Бог өвсний дуу”-гаар эхэлсэн нь учиртай. Учир нь энэ дуу “од одныхоо амьдралаар, өвс өвснийхөө амьдралаар” амьдарч буй энэ үед “энгийн нэгэн бог өвс тэнгэрийн оддод дурласан” тухай өгүүлнэ. Энэ дууны дараа “Хэн мөнхөд хайрлаж чадах вэ?” гэх дууг сонгож “Агуу бүхэн зуун жилээр ч олдохгүй, хэн үнэнийг хэлж чадах вэ?” гэж хүн төрөлхтнөөс Сараа асууж байна. Гурав дахь буюу “Хайрласан сэтгэл” дуугаараа үүнд хариулт өгч “Дурласан сэтгэл минь дундуурхан хоцорсон ч дуундаа уярахаараа чамайгаа бодох юм” гэж дуулж байна. Түүнээ баталгаажуулж “Хайрын тэнгэр” дуугаараа “Сайхан бүхэн санаандгүй явдлаар дүүрэн уужим хорвоод саатан хүлээх миний чиний итгэлийг юутай зүйрлэх вэ?” хэмээн бардамнаж “Шүүдрийн ганцхан дусал” дуугаараа “эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал” хэмээн даруусаж байна. Сараа тайзнаа “галзуу” боловч үнэндээ эгэл амьдралд эгэлгүй даруухан хүн шүү дээ.
“Saraa’s Live Concert”-ийн найруулагч Н.Халиун энэ мэтээр тоглолтыг утгажуулж, ухаарал сэхээрлийн тэнхлэг татаж, эргэцүүлэн бодох, дурсан санах их орон зайг сайтар зохиомжлон найруулсан нь гайхалтай байлаа. Үнэндээ энд илүү дутуу зүйл алга. Дуу бүхний сонголт, өрөлт тавилтаас эхлээд үзэгчдийн сэтгэлийн догдлолын хэм хэмнэлийг хүртэл тооцсон нь мэдрэгдэж байлаа. Наранбаатарын Халиун “Концерт амжилттай сайхан болж өнгөрлөө. Акустик, тав тух, орчин,үйлчилгээ үнэхээр сүпер байлаа #UG_Arena. Хөгжмийг гайхалтай зөв дуугаргаж тохируулсан Erdenebat Erka Bumbaarai-н баг, тайз танхимын гэрэлтүүлгийн D-lights D-lights, Projection Mapping Delger Ochkhuu, Ulzii Nergui болон техникийн бусад ажилтнууд үнэхээрийн мундаг байлаа. Мэдээж хаана ч гялалзаж чаддаг дуучин Batmunkh Sarantuya, амьд хөгжмийн #Random хамтлаг тайзыг эзэмдсэн сайхан үдэш боллоо. Хамгийн гол нь Сараагийн фенүүд аймаар доргио юм аа” гэж жиргэсэн нь мэргэжлийн хүний үнэлэмж байсан юм.
Б.Сарантуяа энэ тоглолтоо зүгээр нэг төрсөн өдрийн бялуу болгохыг хүссэнгүй. Тэр Зууны манлай, үлгэр жишээч, соён гэгээрүүлэгч дуучны хувьд нийгэм хийгээд хүний сэтгэлийн нарийн нандин үгийг хэлэхийг хүссэн юм. В. Хюгогийн “Инээмтгий хүн” жүжиг энэ цаг үед Монголын тайзнаа дөнгөж тоглогдож байгаа энэ үед Сараагийн “Инээмтгий хүн” дууг ахин сонсоход сонин байлаа. XVII-XVIII зууны зааг үеийн Английн амьдрал ХХI зууны хориод оны Монголын нийгмийн амьдралтай дүйцэж байхыг харахад гунигтай авч энэ харангыг Б.Долгион, Б.Ангирмаа, Б.Сарантуяагийн гурвал ХХ зууны ерээд оны эхэн дунд “Инээмтгий хүн” дуугаараа дохиолол өгч байсныг эргэн санахад уран бүтээлийн үнэ цэн мэдрэгдэнэ.
“Хяхарч дуугарсан модон хаалганаас ...сонин царай”-г (”Инээмтгий хүн”) олж харсан уран бүтээлчид “Яагаад би дандаа гуниглах ёстой гэж” (”Тэнэг ялааны дууль”) асууж, “Үүлэн чөлөөний энэхэн амьдралд өөрийгөө ч таниагүй төөрч явна уу” (”Учралын блюз”) хэмээн лавлаж, “Маргаашийн чинь төлөө би мартъя. Чинийхээ төлөө би өөрийгөө ч мартъя” (”Мартъя”), “Хөнгөн жаргалд автаж чамайгаа мартсан бол хайрт минь намайг уучил” (”Уучил”) хэмээн уясаж, “Гэнэн цагааны туйл ч юм уу” (”Аниргүйн шивнээ”), “Тэр намайг үгүйлдэг болов уу” (“Тэр намайг дурсдаг болов уу”) гэж тайтгарч “Бүтэн шөнө нойроо хагаслаж бүсгүй заяа чамдаа залбирч” (“Хайрын бурхан”) “Сэхүүн салхи чи хэзээ ирэв” (”Сэхүүн салхи”) хэмээн санаа алдаж “Энэ дууг ганцхан чи дуулж чадна” (”Дуучин чамдаа”) хэмээн зоригжуулж байна.
Монгол улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдрийн ээлжит тоглолт ийнхүү доргио сайхан болов. Аргагүй л Зууны манлай юм даа.
Ү.ХҮРЭЛБААТАР
2023.04.29
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.