images

Дархан-Уул: Улаан буудайн сүрэл дээр мөөг ургуулж байна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-05-15


    Дархан-Уул аймагт байгалийн хаягдлыг ашиглан мөөг ургуулж байна. Тодруулбал, тус аймагт өнгөрсөн оны тавдугаар сараас “Найрамдал мөөг” хоршоо улаан буудайн хаягдал сүрэл, модны үртэс, самрын хальс, кофены шаар зэргээр хөрс бэлтгэн, мөөг тарьж эхэлжээ. Тус хоршоо нь 10 хүнтэй, хөрс бэлтгэлийн нэг үйлдвэртэй, 40 м/кв талбай бүхий хүлэмжтэй бөгөөд хоршооны гишүүд тус бүр хөрсний үйлдвэрлэл, мөөг тариалалт, савлагаа, борлуулалт зэргийг хариуцан ажилладаг байна. “Найрамдал мөөг” хоршооны үүсгэн байгуулагч Б.Алимантуяа манай сайтад ярихдаа “Анх би Хятадад магистраар суралцаж байхдаа энэ санаагаа олсон. Монголоос байнга мах авчруулаад байх боломж надад хомс. Дээрээс нь ходоод, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муу учраас юу идэж уурагаа нөхвөл тохиромжтой вэ гэж судласаар мөөгийг хүнсэндээ хэрэглэх болсон. Монголдоо ч төгсөж ирлээ, хаана ямар сайн чанарын мөөг байгаа эрэлд гарч, хүнсний захуудаар явтал дан хятад мөөгтэй л таарч байлаа. Тэгээд өөрөө санаандгүй байдлаар мөөг тарих боломжтойг олж мэдлээ. Дархан-Уул аймаг газар тариалангийн бүс нутаг учраас улаан буудайн тариан сүрэл нь асар их хэмжээгээр хаягддаг юм байна лээ. Тэр хаягдлыг нь ашиглаад мөөг ургуулъя гээд эргэн тойрныхоо мөөг мэддэг хүмүүсээ уриалж хоршоогоо байгуулсан. Одоо манайх нойтон болон хатаасан мөөг, мөөгний амтлагч, халуун ногоотой мөөг зэргийг савлаж борлуулдаг. Яваандаа мөөгтэй цай гаргахаар төлөвлөж байгаа” гэлээ. Тус хоршооныхон мөөгөө Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Улаанбаатарын 60 өрх, Дархан-Уул аймгийн долоодугаар цэцэрлэг болон орон нутгийнхаа эмнэлэг, сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг байна. Мөн Дархан-Уул аймгийн аутизмтай хүүхдийн цэцэрлэгт мөөгөө нийлүүлдэг ажээ. Сүрэл дээр ургасан мөөг натри, кальци зэрэг эрдэс бодисоор баялаг. Тийм учраас хавдрын эсийг дарангуйлж, сэтгэл санааг тайвшруулж, хүнд дутсан шим тэжээлийг нь өгдгөөрөө онцлог юм. Байгальд ургасан мөөг хортой, хоргүй янз бүр, хүмүүс тэр болгон нарийн сайн ялгаж мэддэггүй. Харин  тус хоршоо мөөгөө тарихдаа улаан буудайн сүрлээ жигнээд хөрс болгож хүлэмжиндээ суурилуулдаг байна. Түүн дээр мөөгний үрээ хийж цайруулаад байгальд ургадаг зэрлэг мөөгний ашигтай хольцыг үлдээгээд гаршуулдаг гэнэ. Тэд хатаасан мөөгөө 100 граммыг нь гурван мянган төгрөг, 500 граммыг нь 13 мянган төгрөг, нэг кг савлагаатайг нь 20 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Сонирхуулахад, хатаасан мөөгөнд 20-30 хувийн уураг агуулагддаг тул махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болдог ба 49 төрлийн эрдэс бодис агуулдаг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.