images

Ховд аймгийн Зэрэг суманд “ЗИЛ 130” машины кабины будаг хууртал шуурдаг

Д.Бизьяа

Хөдөөгийн баясгалан

2023-04-19


Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн нутгаар хүчтэй шуурга болсон мэдээ хоёр өдөр тасарсангүй. Байгалийн гамшигт үзэгдэл өнөөдөр ч зүүн болон говийн аймгуудын нутгаар үргэлжилж байна. Үүнээс Ховд аймгийн Зэрэг суманд болсон шуурганы талаар зарим зүйлийг тодрууллаа.

Салхины орон

   Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн нутаг, Ховд аймгийн Зэрэг сум байршил, байгалийн тогтоцын хувьд тун өвөрмөц сонин нутаг. Алтайн нурууны салбар дөрвөн том уулс Сутай хайрхан, Баатар хайрхан, Бумбат хайрхан, Жаргалант хайрханы дунд орших налгар шаргал хөндийг Алтан тээлийн хөндий гэнэ. Энэ сайхан хөндийд сумын төв оршино. Зэрэгийн хөндий шумуулаараа алдартай. Зургаадугаар сарын 20-ны үеэс бүх айл, тэр бүү хэл сумын төвийн суугуул айлууд хүртэл шумуулаас дайжиж Баатархайрханы нуруу руу нүүж гарна. Намрын цагт Алтантээлийн хөндий бол үнэнхүү сайхан нутаг. “Намар шиг сайхан цаг байдаггүй, Зэрэг шиг сайхан нутаг байдаггүй” гэж сайхан үг хүртэл бий. Наймдугаар сарын сүүлээр айлууд нэгэн зэрэг шахуу уулнаас нүүж Алтантээлийн хөндийд орж ирэхэд зунжин эл хуль оргиж дүнсийн байсан газар хөл хөдөлгөөн орж, Зэрэгийн хөндийн зэгсэн дунд адуу мал хошууран, айл саахалтууд хаяа даран буусан байх нь эгээ л уран зураг шиг. “Эргийн ус” нэртэй Баатар хайрханы хормойгоос оргилон гарах булгийн хаяа даган таван зүсмийн мал адуу багшран байх тэр дүр зураг “Зэрэг шиг сайхан нутаг байдаггүй” гэдгийн үнэнийг илтгэнэ. 

     Харин өвөл, хаврын цагтаа бол Алтантээлийн хөндий шуурга тавьдгаараа алдартай. Баатар хайрхан, Бумбат хайрхан хоёр уулын зүгээс хүнгэсэн их дуу чимээ гараад эхлэх нь шуурга ирж байгааг илтгэнэ. Энэхүү байгалийн урьдчилсан дохиогоор айлууд гэр бараагаа даруулж янзлан, адуу малаа ойртуулж, байгалийн их шуургыг туулж гарах бэлтгэлээ базаана. Дөрвөн өндөр хайрханы дунд оршдог энэ хөндий салхи шуурганы гол урсгал, ам болдог бололтой юм. Тэндхийн айлууд ихэнхдээ монгол гэрийн хэлбэртэй шавар гэр барьж цагаанаар шохойдно, эсвэл байшинтай байх нь элбэг. Салхи шуурганаас хамгаалж тэр. Хоёр талын уул хүнгэнэн дуугарч эхэлснээс нэг хоногийн дараа их шуурга ирнэ. Төгрөгийн хар үзүүр, Хар ус нуурын зүгээс харанхуй манан мэт зүйл нөмрөн ирэх нь мөнөөх шуурга болой. 1990-ээд оны дундуур маш хүчтэй шуурга болсон нь сумын цаг уурын салхины хурд заадаг төхөөрөмж заах хэмжээнээсээ хэтэрснээс шууд эвдэрч зогссон гэдэг. Өвс ачсан "ЗИЛ 130" машин тэр шуурганд цохиулан унаж байжээ. Тэр шуурганы талаар сумын дунд сургуулийн багш байсан Дамдингийн Батхүү өнөөдөр ингэж хуучиллаа.

Тэр жилийн шуурга

     “Тэр өдөр хагас сайн байв. Би сумын төвийн ойролцоо байдаг хүргэн ах, улсын аварга малчин Д.Дүгэржавынд ирээд байлаа. Уул хүнгэнэж салхины дохио өгөөд л байсан юм. Гэтэл юу юугүй шуурга нөмрөөд ороод ирлээ. Ахын том хүү Д.Амарзаяа бид хоёр хонь хотлуулах санаатай яаран гарч мордоод ухасхийв. Хонин дээр яваад очихын алдад салхины хурд улам ширүүслээ. Хонио эргүүлэх санаатай, морины жолоог залан түр хөндөлсөх хооронд намайг эмээлтэй минь хамт холби цохиод унагаалаа. Арайхийн босож иртэл дүү ч бас мориноосоо бууж байгаа харагдана. Хоёулаа мориныхоо омруун доор ороод салхинаас нөмөрдөн суув. Эмээл маань морины гэдсэн доор, салхинд хоёр дөрөө нь харшин хангир жингэр дуугарна. Номхон морь байсан тулдаа болсон байх. Ийн хоёулаа мориныхоо хүзүү омруун доор салхинаас хоргодон 10-15 минут орчим болсон байх. Бид хоёрын дэргэдүүр салхинд туугдсан хоньд майлалдан өнгөрнө. Хонио эргүүлнэ гэж гарсан хоёр хүн өөрсдийгөө арай чүү торгоож байгаа хэрэг. Хэсэг ингэсний дараа шуурга жаахан намдсан хойно босож морио эмээллэж аваад хониныхоо араас нэхлээ. Ингэтэл хоньд маань хэсэг бусаг, арав хориороо тасарч үлдээд бөөгнөрөөд зогсож байх агаад энд үлдээгүй түрүүчийн хэсэг нь хаа хүртэл явсныг бүү мэд. Нэлээд сайн хайж явж хоньдоо бөөгнүүлж аваад харьсан бөгөөд оройхон тийш үлдсэнийг нь эрээд Хужирын хонхорт явж очвол аймаар зүйл угтлаа. Тэрхүү хонхорт очиж салхинаас нөмөрлөн бөөгнөрч зогссон хоньд тэр чигээрээ элсэнд булагджээ. Эхлээд харахдаа элсэн дээр хонины толгой байна гэж хартал хөөрхийс, элсэнд булагдаад дөнгөж толгой нь цухуйсан, хүний бараанаас аврал эрэх мэт хөдөлж, майлж байлаа. Элс ухаж нөгөө хоньдоо татаад гаргатал хэд алхмагцаа сөхрөөд уначих юм. Гэтэл хонины өтгөн ноосонд дүүртэл элс шигээд тэрийгээ даахгүй болсон нь тэр байжээ. Инээдтэй ч юм шиг, гайхмаар ч юм шиг. Хоёул элсээ даахгүй байгаа хоньдыг дээш харуулж дөрвөн мөчнөөс нь өргөөд гөвж сэгсэрч гарлаа. Нэг хониноос бараг арваад килограмм элс гарсан байх. Хаврын хүч тэнхээ муутай, туранхай хонь ийм их ачааг яаж даах билээ дээ. Ийнхүү элснээс ухаж гаргасан хоньдоо гөвж, сэгсэрч ачаанаас нь хөнгөлөн босгож аваад хотонд нь тууж ирж билээ.

     Сумын төвд гэртээ харьж иртэл байшингийн маань цонх элсээр нүдүүлсээр байгаад цонх гэхийн аргагүй, нэвт юм харагдахгүй, цайрдаж орхисон мэт болсон байлаа. Зүйрлэж хэлбэл скоч нааж орхисон юм шиг болсон байв. Сумын төвийн банзан хашаа, шонгийн модны өнгөн хэсэг нь нарийн зүлгүүрээр зүлгүүрдэж, уран харуулаар харуулдаж орхисон мэт толигор цагаан болжээ. Элсээр зүлгүүлсээр байгаад тэр. Сумын төвдөө гайгүй томд орох нэгэн байшингийн дээврийг тэр чигээр нь хуу цохин хийсгэж одоод сумын төвийн өмнөхөн аваачиж хаяжээ. Салхинаас нөмөрдөн суусан нэгэн өвгөн түүнийг олж харсан бөгөөд хүүгсэн их чимээнээр дээш хараад, онгоц ирж бууж байгаа юм байна гэж бодсон гэдэг. Азаар түүнд хүн, мал өртсөнгүй. Ингэж элсэн шуургаар нүдүүлсний дараа юу болдог вэ гэвэл "ЗИЛ 130" машины салхин талынх нь бүх будаг элсэн шуурганд арчигдаж зүгээр л өнгөн төмөр нь гарч ирнэ. Цагаан шохойгоор сайтар хулдаж шохойдсон шавар гэр болон байшингууд шуурганы дараа бов бор шавар байшин болж үлдэнэ. Нөгөө их элсэн шуурга байшингийн гадна өнгөн шохойг нь хуулж аваад явчихаж байгаа нь тэр".

     Монгол орны хаа ч явсан хөдөө сумын төвөөр дайрахад голдуу ногоон дээвэртэй жижигхэн цагаан байшингууд ярайж харагддаг шүү дээ. Гэтэл Зэрэг сумын ихэнх байшин бор харагддаг байж билээ. Анх мэддэггүй байхдаа учрыг нь лавлаж асуугаад, аль зэрэг хүчтэй шуурга болдгийг ойлгосон доо.

Зэрэгт өнөөдөр ямар байна вэ?

      Ердийн үед манай Монгол орны салхины хурдыг ихэнхдээ 4-9 м/сек гэж зарладаг бол байгалийн онц аюултай үзэгдлийн үед “Салхины хурд 20 м/сек, зарим газраа 25 м/сек хүрэх тул малчид тариаланчдад анхааруулж байна” хэмээн зарлахыг бид олонтоо сонсдог. Тэгвэл Зэрэг суманд салхины хурд 34 м/сек хүрсэн нь баримттай явдал ажээ. Энэ талаар тус сумын цаг уурын техникч М.Туулцэцэгээс өнөөдөр тодруулахад үүнийг нотлон өгүүлсэн юм. Түүний хэлснээр салхи 17-ны өдөр эхэлж гурав хоног үргэлжлээд өнөөдөр арай намдаад байгаа аж. “Салхины хурд маш их байснаас өчигдөр 13 цагийн үед суман дээр тог тасарсан. Улмаар салхи бага зэрэг намдсаны хойно мотор асаан аппарат хэрэгслээ ажилуулж хэмжилт хийхэд 34 м/секунд заасан” хэмээн тэрбээр өгүүллээ. Ид шуурганы үеэр бид тус сумын Бургасан багийн малчин Д.Амарзаяатай мөн утсаар холбоо барьсан юм. Д.Амарзаяа нь дээр Д.Батхүү гуайн ярианд гарсан ахынх нь том хүү билээ. Тэрбээр мөн айхтар ширүүн шуурга болж буйг хэлээд “Нүүр нүдгүй шороо чихсэн харанхуй манан дунд л байна. Эрхбиш ирж яваа цаг байна, тэнгэрийн араншин засрах биз ээ” гээд инээж байв. Аргагүй л байгалийн хатуу ширүүнийг туулаад ирсэн нутгийн хүний үг мөн дөө гэсэн бодол төрөв. Мөн Бургасан багийн малчин Д.Отгонтуяатай өнөөдөр холбоо барихад “Мал төллөж дууссан үе таарлаа. Хаваржаанд байгаа тул малаа хашаад хорогдолгүй мэнд гарав. Шороо, элс нийлсэн айхтар сүрхий шуурга болж өнгөрлөө” хэмээн бидэнд өгүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар Зэрэг сумын сургууль, цэцэрлэгийн хичээлийг сумын онцгой комиссын шийдвэрээр түр хаагаад байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.