Монголын эзэнт гүрний үед сарлагийн сүүг хэрэглэдэг байсан уу?
Чихэнд чимэгтэй
2023-04-03
Мичиганы их сургуулийн судлаачид Монголын эзэнт гүрний дээдсийн дундах сарлагийн сүүний хэрэглээ, түүний он цагийг тогтоох судалгаа явуулжээ. Тэд олон улсын судлаачдын багтай хамтран эртний антропологийн олдворийн шүдний чулуулагт хийсэн уургын шинжилгээгээр сарлаг болон өөр олон хивэгч амьтдын сүүг хэрэглэж байсныг тогтоожээ. Энэ судалгааны үр дүнгээ “Communication Biology” сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд 13 дугаар зуунд сарлагийн сүүний хэрэглээг нотолсоноороо онцлог байна. Мөн энэхүү судалгаанд мөнх цэвдгийн онцгой нөхцөлд хадгалагдаж ирсэн Монголын эзэнт гүрний үеийн хаад, ноёдын оршуулгаас олдсон шинэ олдворуудыг танилцуулсан төдийгүй археологийн судалгаагаар сарлагийн сүү хэрэглэж байсан анхны тохиолдлыг олж тогтоосон байна. Үүнээс өмнө хийгдэж байсан судалгаанаас үзэхэд сүү нь 5000 гаруй жилийн турш Монгол орны нэн чухал нөөц баялаг байсаар иржээ. Үхэр, хонь, ямаа, тэр байтугай адууны сүүний хэрэглээг баттай тогтоосон ч өнөөг хүртэл хүмүүс сарлагын сүү хэзээ ууж эхэлснийг тогтоогоогүй байсан ажээ. Мөн судлаачид энэ амьтныг хэзээ, хаана гаршуулсан болохыг мэдэхийг хүсдэг ч энэ төрлийн олдворууд ховор тохиолддогтой холбоотой байж магадгүй юм. Судлаачдын багийн антропологийн туслах профессор Алисиа Вентреска-Миллер энэ тухай "Michigan news" сайтад хуваалцахдаа “Бидний хамгийн чухал олдвор бол богтог хэмээх хусан малгайтай, алтан лууг дүрсэлсэн торгон дээлтэй оршуулсан дээдсийн хүрээлэнгийн эмэгтэй байсан юм. Протеомик шинжилгээгээр түүнийг амьдралынхаа туршид сарлагийн сүү уусан гэж дүгнэсэн. Түүнчлэн бидэнд тухайн бүс нутагт энэ амьтан удаан хугацааны турш амьдарч хаад ноёдтой холбоотой байсныг батлахад тусалсан" гэж ярьжээ. Мөн Түүхийн шинжлэх ухааны хүрээлэн болон Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Баярсайхан “Тус хэсгээс олдсон олдвор дотор шаазан савыг цагаан идээгээр хийсэн дэнлүү болгон ашигладаг байсан байх магадлалтай. Энэ нь Монголын эзэнт гүрний дээдсийн эрт үе дэхь шашин шүтлэг, өдөр тутмын амьдралыг илтгэж байгаа юм” хэмээн ярьжээ. Археологичид оршуулгын газар дээгүүр тархсан торго, арьс ширний хэсгүүдийг цуглуулж, хадгалахад олон жил зарцуулжээ. Археологичид энэ газар нутгийг чухал ач холбогдолтой гэж эртнээс таамаглаж ирсэн бөгөөд өнөө үед сарлаг маллах үндсэн чиглэлүүдийн нэг хэвээр байгаа юм. Мөнх цэвдэгт хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас шалтгаалан сайн хадгалагдаж ирсэн ба археологийн дээжээс анх удаа сонирхолтой уургуудыг олж тогтоож чадсан юм. Эдгээрт адууны сүүний ааруулын уураг, түүнчлэн шүдний чулуулгаас гаргаж аваагүй малын болон адууны цусны уураг багтсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.