Хятадын “Super Brain” шоунд олон улсын баг ялахад Монголын ихэр тамирчид чухал үүрэг гүйцэтгэв
Чихэнд чимэгтэй
2023-03-25
Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super Brain” нэвтрүүлэг өчигдөр Монголын цагаар 22 цагт гарч “Монголын оюун ухааны академи” синхрон орчуулгатай шууд дамжуулан хүргэлээ. Уг нэвтрүүлэг нь оюун ухааны спортын дэлхийн шилдгүүдийг хүнд даалгавруудаар сорьдогоороо алдартай бөгөөд энэ удаа аравдугаар улирал нь эхэлж Хятадын таван шилдэг тамирчинтай олон улсын шилдэг таван тамирчин өрсөлдөв. Тодруулбал, дэлхийн ой тогтоолын аварга, Гиннесийн амжилтын эзэн ихэр охид Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар олон улсын багт орж өрсөлдлөө. Тэмцээний зарчим нь Австрали болон Японы хоёр тамирчин тус тусдаа Хятадын гурван өөр тамирчинтай өрсөлдөх, манай ихэр тамирчид баг болж мөн тус улсын хоёр шилдэг тамирчинтай өрсөлдөх байв. Ингээд тэмцээнийг Австрали, Хятадын тамирчид эхлүүлж Хятадын баг тэмцээний эхний оноог авсан юм. Дараа нь Японы тамирчин Хятадын тамирчинтай олон оронтой тоог богино хугацаанд нэмж, хасах, үржүүлж хуваах гэсэн хоёр шат өрсөлдөж оноо тэнцээд нэмэлт гуравдугаар үед дэлгэцийн хоёр талд 0.8-1 секундын хугацаанд зэрэг гарч буй тоонуудыг нэмж хасаж өрсөлдөж мөн тэнцсэн юм. Ингэснээр Хятадын баг тэмцээнийг хошуучилж эхэлсэн тул Монголын ихэр тамирчид ялалт байгуулах нь тун чухал үе ирсэн юм. Монгол тамирчдын эсрэг бүх Хятадын ой тогтоолтын аварга, дэлхийн хийсвэр зургийн аварга хоёр тамирчин өрсөлдсөн бөгөөд хэдэн мянган хүн дундаас шигшигдэн манай тамирчидтай өрсөлдөхөөр сонгогдсон шилдэг тамирчид байв. Тэд зургаан шүүгчийн сонгосон зургаан багц алганы хээг 40 минутын дотор цээжлээд багийн хоёр гишүүн тус бүр гурван багц алганы хээнд багтсан алгыг дэлгэцэнд байрлуулсан 200 ширхэг алганы хээнээс зөв олж бичих даалгаврыг 90 минутад гүйцэтгэв. Хэрэв бүх тамирчид алганы хээг тааж оноо тэнцвэл түрүүлж даалгаврыг гүйцэтгэсэн баг оноогоор ялах байлаа. Манай тамирчдаас дүү Н.Энхшүр эхний гурван багц алганы хээг олсны дараа Н.Мөнхшүр үлдсэн алганы хээг зөв олсон юм. Хугацааны хувьд Хятадын баг манай багаас түрүүлж даалгаврыг дуусгасан ч зургаа дахь багц алганы хээний нэгийг Хятадын багийн тамирчин буруу олсон тул тэдний багийн оноо тэглэгдэж олон улсын баг ялсан юм. Багц алганы хээ гэдэгт хэд хэдэн алганы хээ давхардан орсон байх бөгөөд оролцогчид юуны өмнө тэр багцад хэдэн алганы хээ байгааг зөв тогтоох, тэгээд шамбааралдсан алганы хээнүүдийг баруун эсвэл зүүн гарынх эсэхийг зөв олоод тухайн алганы хээг тархиндаа сайн санаж авах ёстой байв. Учир нь зургаан багц алганы хээг хоёр тамирчин гурав гурваар нь хуваан авч цээжилсний дараа 200 алганы хээнээс зөв сонгохдоо хэд дэх багцийн алганы хээ ямар зурагтай байна вэ гэдгийг дахин харах боломжгүй. Иймээс баг бүрийн хамгийн сүүлд даалгавар гүйцэтгэж буй тамирчдын ой тогтоолт илүү удаан байх шаардлагатай байсан бол эхний тамирчид даалгаврыг аль болох хурдан гүйцэтгэх шаардлагатай байв. Улмаар энэ сорилыг манай тамирчид ямар ч алдаагүй биелүүлж Хятад болон олон улсын багийн оноог тэнцүүлж, тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой хэвээр үлдээж чадсан юм. Харин дараагийн даалгаврыг Хятадын багийн ахлагч, олон улсын ахлагч япон тамирчин нар гүйцэтгэсэн бөгөөд япон тамирчин ялснаар олон улсын баг ялсан байна. Манай ихэр тамирчид Бээжингийн их сургуулийн дэлхийн түүхийн ангийн төгсөх курсийн оюутнууд юм. Мөн нэвтрүүлгийн шууд дамжуулалтын орчуулгыг тус сургуульд докторант хамгаалж буй Б.Анхбаяр хийв. Түүнчлэн тэмцээний бэлтгэлийн явцад алганы хээний мэргэжилтэн Баярхүүгээс зөвлөгөө авсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.