images

О.Урангоо: Бид зорьж байж хотоос хөдөөд ирсэн, өвөө эмээ болтлоо энд байна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-03-15


Нийслэл хотоос хөдөөд очин суурьшиж, бүтээж яваа залуус олон. Тэдний нэг болох, гурван охины ээж, англи хэлний аргазүйч мэргэжилтэй Одгэрэлийн Урангоо манай “Хөдөөгийн баясгалан” буланд оролцлоо.

- Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу.

- Би олон улсын бизнес менежмент, бизнесийн удирдлага, мөн англи хэлний арга зүйч гэсэн хоёр мэргэжилтэй. Монголдоо MIU (Mongolia International University) суралцаж төгсөөд, мастерын зэргээ АНУ-д суралцаж хамгаалсан. “Goo’s English сургалтын төвийн үүсгэн байгуулагч.

- Та нийслэл хотоос шилжиж Дорнод аймагт суурьшсан юм байна. Хэзээ нүүж очсон бэ?

- Тийм ээ. Нүүж ирээд долоон сар болж байна.

- Яагаад энэ шийдвэрийг гаргах болов?

- Ер нь л ихэнх монголчуудын адилаар хотын түгжрэлээс зугтсан гэхэд болно. Гэхдээ үнэндээ түгжрэл намайг зөвхөн зам дээр гацаачихаад байгаадаа биш амьдралыг минь түгжээд, гацаагаад байгаа юм шиг санагдсан юм. Үүнээс  болж өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах, гэр бүлтэйгээ хамт байх цаг хомстож, бизнес, ажил хэргээ тэлэх гэх мэт маш олон бололцоо хумигдаж эхэлсэн. Тэгээд ч хамгийн үнэтэй цаг хугацаагаа зүгээр л бухимдаж, яарч сандарч өнгөрөөх нь дэндүү хайран. Энэ цаг хугацаанд өөр хичнээн их бүтээмж гарч болох байсан бэ гэдгийг бодохоор харамсалтай. Нөхөр бид хоёрт энэ улсаас явья гэдэг хүнийрхсэн бодол огт байдаггүй. Асуудлыг шийдэнгээ юу бүтээж болох вэ, эх орондоо л сайхан амьдрах зүйлийг яаж хийх вэ, хойч үедээ юуг үлгэрлэх вэ гэдэг маш чухал санагдсан юм. Тэгэхээр орон нутаг руу шилжих нь өөрөө хувийн амьдралын хэв маяг талдаа ч тэр, бидний хотод нүүрлээд буй түгжрэлийн асуудалд ч тэр аль алинд нь шийдэл болох сонголт юм байна гэж үзээд одоо нөхөр, гурван охины хамтаар Дорнодод амьдарч байна.

- Дорнод аймаг, тэдний хүн зоны чухам юу нь танд таатай сайхан санагдав?

- Юуны түрүүнд хүмүүс нь үнэхээр элгэмсэг санагдсан. Аймгийн төв Чойбалсан хот нь өөрөө дэд бүтэц сайтай, хотоос дутаад байх юмгүй. Амжиргааны түвшин өндөр, хүмүүс нь хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаардаг юм байна. Сургууль ихтэй. Анх ирээд, энэ ч бүр хүүхдийн хот шив дээ гэж бодогдож байсан шүү. Хүүхдүүд өөрсдөө л дугуйлан, сургууль гээд хайгаад явж байдаг. Нэг хүүхэд маш олон дугуйланд зэрэг хамрагдах боломжтой гэдэг нь том давуу тал юм.

- Орон нутагт амьдарч эхлэхэд хамгийн түрүүнд тулгарсан бэрхшээл юу бол. Төсөөлснөөс өөр байсан зүйл бий юү?

- Цөөн хүн амтай тул бие биенээ амархан таньж мэдчихдэг юм байна. Ийм болохоор элдэв хэл ам, яриа гарах нь их юм шиг санагдсан. Бусдаар бол зүгээр.

- Онцгой сэтгэл хөдөлгөсөн сайхан зүйл юу байв?

- Хүүхдүүдийн сурах эрмэлзэл гайхалтай. Манай том охин хотод байхдаа гар утас гэдэг том дайсантай байв. Утсыг нь болиулаад өөр идэвхтэй үйл ажиллагаанд хамруулья гэхээр болж өгдөггүй байлаа. Гэтэл энд олон дугуйланд явахаас гадна хүүхдүүдтэй гадаа их тоглодог болсон.

- Дорнодод ойрын таньдаг хүн байдаг уу, шинэ найз нөхөдтэй болов уу?

- Ойрын таньдаг байхгүй ээ. Бүр хөдөө нэг ах маань л бий. Ер нь бол цоо шинэ газар, цоо шинэ хүмүүс. Найз нөхөдтэй бололгүй яахав. Угаасаа хүмүүс нь их элгэмсүү учраас найзалж нөхөрлөхөд амархан байлаа.

- Орон нутагт очоод санхүүгээ яаж зохицуулдаг болсон бэ?

- Зардал хотоос хамаагүй багассан. Энгийн жишээ гэхэд бензинээ нэг дүүргээд авсан байхад бүтэн сар өлхөн явчихна. Хотод байдаг шигээ 10-20 мянгаар нь таксинд мөнгөө үрэхгүй. Цайны цаг болохоор гэртээ хариад өөрөө хоолоо хийгээд идчихнэ. Урсгал зардлууд бас ялгаагүй.

- Дорнодын хүүхдүүдэд англи хэл зааж байгаа юм байна. Хэр амжилттай байна вэ?

- Хотод байхдаа л ийм сургалт явуулж байсан. Нүүх шийдвэр гаргахтайгаа зэрэгцээд л тэндхийн хүүхдүүдэд хэл сурах боломж аваачна гэж бодож байсан. Сургалтаа энд нээгээд хоёр сар гаруй болсон байна. Шинээр нээхэд хүндрэл гээд байх зүйл байсангүй. Түрээс хямд, түгжрэл байхгүй. Эндхийнхний амьжиргаа сайн тул надад олдож буй боломж хотынхоос илүү. Манайх одоо зургаан ажилтантай. Одоогоор 100 гаруй хүүхдэд англи хэл зааж байна. Долоо хоногт гурван удаа, сард 12 удаа ороод төлбөр нь 150 мянган төгрөг байдаг аа.

- Хөдөөгийн хүүхдүүдийн англи хэлний түвшин хэр байна вэ?

- Хоттой харьцуулахад чадвар арай сул ч гэсэн сурах эрмэлзэл маш өндөртэй. Сайн англи хэлтэй хүүхдүүд ч олон. Сургуульдаа ойлгож амжилгүй өнгөрөөсөн англи хэлний дүрэм, агуулга, яриа зэргийг нь би тоглоомын аргаар заадаг. Тэгэхээр хүүхдүүд ерөөсөө зовлонгүй сурч байгаа юм шиг санагддаг.

- Залуучууд хотоос орон нутагт очиж амьдрах тухайд ямар бодолтой байдаг вэ?

- Намайг нүүлээ гэхэд найз нөхөд Яасан зоригтой юм бэ? гээд л уулга алдаад байсан.  Гэтэл нөгөө талаас нь бодоод үзэхэд, манай залуучууд огт хэл соёлыг нь мэдэхгүй газар луу мөнгө олно гэж явахдаа, айх байтугай бүр баярлаад байдаг шүү дээ. Зориг гэдэг чинь уг нь тэнд л баймаар. Эх орондоо нутаг сэлгэх нь эргээд эх орондоо залуу хүний үүднээс хийж байгаа хөрөнгө оруулалт, хөгжилд боломж нээж байгаа хэрэг. Ер нь бол илүү сайхан амьдрал цогцлоох боломж л юм. Гэтэл залуучууд энэ өнцгийг нэг л олж харахгүй байгаа шиг санагддаг. Гэхдээ сүүлийн үед залуучууд орон нутаг өөд их тэмүүлдэг болсон нь бодитой харагдаж байна шүү.

- Цаашдаа эндээ л амьдрах бодолтой байна уу?

- Тэгнэ ээ, өвөө эмээ болтлоо энд байна.

- Ярилцсанд баярлалаа

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.