images

Төрийн банк: “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-04-25


   Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-23-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаад арга хэмжээний цар хүрээ улам тэлж, төр, хувийн хэвшлийн идэвх оролцоо нэмэгдсэнээрээ онцлог байв. Үзэсгэлэн худалдааны үеэр харилцагчид байгальд ээлтэй, сүүлийн үеийн, дэвшилтэт технологиудтай танилцаж, ногоон зээлүүдийг газар дээр нь судлуулснаас гадна Төрийн банкны харилцагчдад сонирхсон бүтээгдэхүүнээ тэр дор нь худалдаж авах бололцоо олгожээ. Мөн энэ жил амины ногоон орон сууцны шийдлүүдийг танилцуулах аж ахуйн нэгжүүдийн тоо өссөнөөр зогсохгүй тэдний дуу хоолойг бодлого тодорхойлогчдод хүргэж чадсанаараа уг арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой байв.

   “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааны үеэр Тогтвортой хөгжил-ногоон барилга” сэдвээр хэлэлцүүлэг явуулсанд салбарын яам болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, ногоон барилгын салбарт тулгамдаад байгаа асуудал, бодлогын дэмжлэгийн талаар санал солилцсон юм. Хэлэлцүүлгийн панелист, “Хайбрид хаус” компанийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд банк санхүүгийнхэн ногоон барилга худалдан авч байгаа иргэдэд л зээл их олгосноос биш үйлдвэрлэгчдэд чиглэсэн зээл санхүүжилтийн бодлого нь дутмаг байсан” хэмээв. Харин Төрийн банкны тогтвортой хөгжил хариуцсан дэд захирал Ц.Энхмөрөн ногоон шийдлүүдийн санхүүжүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаагаа онцолсон юм. Тэрбээр Төрийн банкнаас зах зээлд нэвтрүүлээд буй бэлтгэн нийлүүлэгчийн зээлийн хүрээнд ногоон барилгын бизнес эрхлэгчид ч зээл санхүүжилт татах боломжтойг хэлж байв. Мөн ХББОСЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд төрөөс амины ногоон орон сууцыг дэмжих хэд хэдэн шалтгаан бий гэдгийг тодотгосон юм. Тэрбээр “Зах зээл дээрх нийтийн зориулалттай орон сууцны үнэ амины орон сууцныхаас өндөр байна. Түүнчлэн гэр хорооллын нэг айлыг инженерийн шугам сүлжээнд холбоход дунджаар 50-70 сая төгрөг шаардлагатай бол ногоон барилгын үзүүлэлтэд нийцсэн инновацлаг технологиудаар амины орон сууцны инженерийн байгууламжийг шийдэхэд 30 сая төгрөг болно. Энэ бол төрөөс амины орон сууцыг дэмжих гол шалтгаан. Хүн амыг орон сууцжуулах гол гарц” гэлээ. Хэлэлцүүлэгт оролцсон бусад панелист ч мөн амины ногоон орон сууцны хүртээмжийг сайжруулахын тулд бодлогын дэмжлэг хэрэгтэйг онцолж байв. Тухайлбал, Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал А.Отгончимэг “Ногоон барилгынхан тийм ч их ашиг олдоггүй. 20-30 хувийн ашиг харж байгаа компаниудаас НӨАТ-ын 10 хувь хасчихаар урт хугацаанд хүртээмжтэй ажиллах хүчийг нь тамирдуулдаг. Хэрэв хөрс, агаарын бохирдлын эсрэг төр, хувийн хэвшил нэгдье гэвэл аль аль нь вин-вин зарчмаар ажиллах хэрэгтэй. Ингэж байж амины ногоон орон сууцны хүртээмж нэмэгдэнэ” гэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.