Чи муу Гурван буудлын хүүхэд машин унаад байхдаа яадаг юм!
Өнөөдрийн Хууч
2024-12-09
Социализмын үеийн содон хүмүүсийн нэг “Польш” хэмээх Намжил үзэж туулсан амьдралынхаа талаар одоогоос 17 жилийн өмнө ийн өгүүлж байжээ.
Аав минь улсад олон жил ажилласан, “Өндөр цагаан” нэртэй хятад хүн байлаа. 1960 онд Монгол улсын иргэн болж, урт удаан насалж 97 насандаа өөд болсон. Миний ээж Монголын ганган хүүхний нэг “Түүхий” хэмээх Цэнд гэгч хүн байв. Бага насаа Рашаантын гудамжид өнгөрөөсөн. Угаасаа Усны гудамж, Төмөрчний гүүр, Рашаантынхан эртнээс зах зээлд орсон юм шүү дээ. Бид эцэг эхээс олуул. Сонирхол гэх үү, амьдралын эрхээр гэх үү, би есөн настайгаасаа гэрэл зураг авч эхэлсэн. Шууд хэлэхэд Монголд гэрэл зургийг цагаач хятадууд дэлгэрүүлсэн юм шүү дээ. Миний багш гэвэл олон зурагчны багш болсон Дааяа хэмээх. Тэр хүн "Туул" рестораны дэргэд фото зургийн салбартай байсан. Шилэн дээр зураг татна. Би түүний туслагч хийдэг байлаа. Сүүхээтэй ч байж дээ. Нэг зургийг гурван төгрөгөөр авдаг байхад би зургаа чанартай сайн угаагаад, яаж ийгээд таван төгрөг салгачихдаг байлаа. 1959 онд аравдугаар ангиа төгсөөд Кино үйлдвэрт ажиллав. “Гологдсон хүүхэн”, “Улаанбаатарт байгаа миний аавд” зэрэг кинонд туслах оператороор ажилласан. Ингээд 1960 оноос хойш 30 жил Польш улсад амьдарсан. 1960 онд би нэг сонин наймаа хийсэн юм. Тэр үед Польш зах зээлд орсон байлаа. Польшийн зах дээр хүүхдэд зориулсан ширэн оосортой, явдаггүй цаг их зардаг байв. Тэгэхээр нь би Монгол ирээд тийм цаг хийж зарвал мөнгө олж болмоор санагддаг юм. Эмнэлгүүдээр явж пенициллиний шил цуглууллаа. Нэг шилний бөглөөгөөр нэг цаг хийнэ. Түүнийгээ зах дээр наймаа хийдэг хүнд нэг ширхэгийг нь 80 төгрөгөөр бөөнд нь зарав. Зуны амралт дуусахад цагнаасаа 5000 төгрөг оллоо. Тухайн үед Монголд савхин хүрэм 150 төгрөг байлаа. 30 ширхэг савхин хүрэм Польшид авч очоод нэгийг нь 100 доллароор зарав. Ингээд л пенициллиний шилнээс эхэлж 3000 доллартай боллоо. Мөнгөтэй хүн яахав, зүгээр үрснээс гэж бодоод тэр дор нь Шведийн ЭСЯ-ны ажилтан Ханс Геберсим гэдэг хүнтэй ярьж байгаад 2000 доллараар “Рено-5” машин аваад уначихлаа. Тэгтэл буруудаад явчихав. Нэг өдөр Варшавт суугаа манай Элчин сайд Д.Балжинням намайг дуудаад “Чи муу гурван буудлын хүүхэд машин унаад байхдаа яадаг юм? Оюутан хүн ийм байж болохгүй” гэж загналаа. Оюутан нь Элчин сайдаасаа баян байж болохгүй тийм л цаг үе байж дээ. Түүний дараа монгол савхин хүрэмнээсээ гадна Архустайн каракуль зэргийг зарав. Миний барааг авах сонирхолтой хүн мундахгүй. Тэр үед Польшийн нийслэлийн Рудковски нэртэй гудамжийг хэсэг хүмүүс Намжилын гудамж гэж нэрлэдэг болсон байв. Хожим том хүү маань Варшав хотын төвд “Адам” нэртэй дэлгүүр ажиллуулах болсон. Тэгтэл нэг хүн хүүгийн дэлгүүрт орж ирээд “Намжилын гудамж хаа вэ?” гэж асуусан гэдэг. Бодвол миний хуучны танилуудын нэг байсан байх л даа.
Хуучин цагт “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр хуулийнхны өмнө Намжил шиг засаршгүй амьтан байсангүй. Би чинь гадаадын тагнуул, контрабандчин, алтны хулгайч, долларын наймаачин гэсэн дөрвөн зүйл ангиар хардагдаж долоон жил, зургаан сар шоронд суусан. Одоо бодоход хөгийн юм л даа. Эхлээд Төв музейгээс алтан аяга хулгайлсан хэрэгт мөрдөнд найман сар суух нь тэр. Учир нь би 1972 онд Польшоос 400 гр шижир алт оруулж ирж зарсан юм. Анхныхыг нь зохиолч Чойжилын Чимид, жүжигчин П.Цэвэлсүрэн гуай хоёр авсан. Тэр үед лан алт 5000 төгрөг байв. Алтаа зараад дуусч байтал музейгээс алтан аяга алдагдаж хамаг хэрэг бурууддаг байгаа. Миний зарсан алт 999 сорьцтой байсан нь музейгээс алдагдсан алтан аяганы сорьцтой дүйчихгүй юу. Бурхны авралаар, Төв музейн мужаан байсан Гомбосүрэн гэгч аяга хулгайлсан нь илэрч, би мөрдөнд найман сар суугаад суллагдсан.
1972 онд Японы дипломатч Тазаки гэгчтэй танилцав. Бид хоёр ховор зүйлс наймаалцана. Тэр манайд ирж, би тэднийд очих, салхинд гарах зэргээр дөрвөн жил найзалсан. Түүний тагнуул байсан гэдгийг би хожим мэдсэн юм. Ер нь тэр үед хөрөнгөтөн орны хүнтэй холбоотой хүн бүрийг дагаж мөрддөг, утсыг нь чагнадаг байлаа. Ингээд социализмын үеийн Эрүүгийн хуулийн 45-ын “в” зүйл ангиар долоон жил ял эдэлсэн юм. Контрабанд хийсэн хэргээр, байсан бүгдийг минь хураасан. Тэр үед чинь 800 ширхэг нүдний шил Польшоос оруулж ирээд гангачуудад зарахад л контрабандын хэрэг болдог байлаа. 800 нүдний шилээр хүний хэрэгцээ хангаад олсон хэдээ хураалгасан гэсэн үг. Мөн 1982 онд Улсын их дэлгүүрийн өмнө 200 доллар солиулах гэж байгаад цагдаад баригдаж хураалгасан даа.
“Өнөөдөр” сонин. 1997 оны хоёрдугаар сарын 14. No.032(070). Б.Нацагдорж.