“Зүүдний шувуу”
Өнөөдрийн Хөгжим
2024-06-17
З.Зундарийн хөгжим, АУЗ Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Зүүдний шувуу” дууг “Мөнгөн хүрхрээ” хамтлагийн дуучин Б.Чимэгсайхан анх 1984 онд дуулжээ. Тус хамтлаг нь анхны үлээвэр хөгжмийн удирдаач С.Зундуй, шанзчин М.Дариймаа нарын отгон хүүхэд З.Зундарийн байгуулсан хамтлаг юм. Тэрээр "Соёл Эрдэнэ" хамтлагаас гарсныхаа дараа Нийтийн үйлчилгээний соёлын ордонд ажилд орж "Мөнгөн хүрхрээ" хамтлагийг байгуулан өөрөө ахлагч нь болжээ. Улмаар дуучнаар 1979 оны эстрад дуулаачдын уралдаанд түрүүлсэн Б.Чимэгсайханыг урьж авчирсан байна. Ингээд тэр үед Нийтийн үйлчилгээний соёлын ордны уран сайхны найруулагчаар ажиллаж байсан яруу найрагч Б.Лхагвасүрэнгээр "Зүүдний шувуу" гэдэг шүлэг бичүүлж дуу хийжээ. Гэвч энэ дуу 1990-ээд онд дуучин Б.Нандинцэцэгийг дуулах хүртэл Үндэсний радиогийн алтан фондод ороогүй юм. Б.Нандинцэцэг агсныг дуулахаас өмнө 1987 онд "Одод" хамтлагийнхан дуулжээ. Учир нь, 1986 онд Соёлын ордны дэргэдэх бүх хамтлагийг тараахад "Харш" хамтлагийнхан нийлж нэрээ өөрчлөн "Одод" болоод "Мөнгөн хүрхрээ" хамтлагийн бүх дууг дуулсан тухай Б.Чимэгсайхан "Дуун увидас" нэвтрүүлэгт ярьсан аж. Ийнхүү "Зүүдний шувуу" дууг 40 жилийн хугацаанд таван янзаар дуулсны сүүлийн хоёрыг 2006 онд "Соёл Эрдэнэ" хамтлагийн дуучин Б.Цэдвээ, 2013 онд Ж.Алтанцэцэг дуулсан байна.
Эх сурвалж: МҮОНРТ "Дуун увидас" нэвтрүүлэг.