Ирээдүйд миний ганц ширхэг үс үнэд хүрэх цаг ирнэ
Өнөөдрийн Хууч
2024-06-14
Яруу найраг О.Дашбалбар үснийхээ талаар ийн ярьдаг байсныг Н.Оюунханд дурсчээ
“...Миний үс их ургаж байна. Авахуулаач гэж найзууд маань шаарддаг. Би толгой сэгсрээд “Үгүй” гэдэг. Чамаасаа өөр хэний ч гарыг хүргэхгүй гэж их харамлах юм даа, энэ муу хэдэн хялгасыг. Харин сахал нь илүү болов уу. Гэхдээ зохиж байна гээд л манай оросууд хөөргөөд байгаа шүү. Бүү мэд, зохиогүй чимэг гэгч нь болох юм уу. Хайрт эгч таныгаа чанга тэврэн үнсье. Дүү Энхээ чинь” гэсэн үгс бүхий захиа О.Дашбалбараас минь ирдэг байв. Манай ажлынхан захидал задлаад уншчихдаг тул ийнхүү дүүгийн нэрээр захиа илгээдэг байсан юм. Би Намын дээд сургуульд орох гэсэн боловч аймгийн намын хороо зөвшөөрсөнгүй. Ингэж бидний харьцааг ойлгодоггүй хүмүүсээс болж комсомоль болон намын дээд сургуулийн аль алинд нь орж чадаагүй агаад сайн цагийн үед гэгчээр 1999 онд Удирдлагын хөгжлийн институтад орж суралцсан билээ.
О.Дашбалбар минь оюутан байх үеэсээ эхлээд өөд болох хүртлээ толгойтой үсэндээ надаас өөр хүн гар хүргүүлээгүй агаад үсийг нь засаж байх үед “Ирээдүйд миний ганц ширхэг үс үнэд хүрэх цаг ирнэ” гэж байж билээ. 1987 оноос хойш түүнийхээ тайрсан үсийг хадгалдаг болсон сон. Өөд болсных нь дараахан түүний туслах байсан Түмэнжаргал дэрэн дээрээс нь авсан юм гээд нэгхэн ширхэг үсийг надад нандигнан өгөхөд нь би “Надад маш их байгаа” гэсэн сэн. Ингэж бодохоор түүний минь хэлсэн үг бүхэн ямар үнэтэй байж вэ гэдгийг цаг хугацаа харуулсаар. Сүүлд Адьяаг минь Японд сургууль явахад нь “Миний үснээс сахиус болгон зүүж явуул. Миний үс байсан цагт алзахгүй” гэж билээ. Миний охин алзахгүй л явна. “Чамаас өөр хүнээр үсэндээ гар хүргүүлэхгүй” гэхэд нь “Би чамаас өмнө үхчихвэл яах вэ” гэхэд “Ургуулаад л байна. Гэхдээ чам шиг тайван амгалан хүн урт насалдаг. Над шиг шатаж байгаа хүн урт насалдаггүй юм даа. Хэрэв чи надаас өмнө үхчих аваас чамдаа шүлгэн хөшөө босгоно” гэх мэтээр ярьдаг байж билээ.”
Н.Оюунханд “Гэрэлт хайрын дурсамж” номын 161-162 дугаар тал