images

Жанчивдонир


Цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан Содномсэнгээгийн Жанчивдонир нэрийнхээ тухай ярилаа. Түүний нэр Монголд ганц бөгөөд дүү нарийнх нь нэр ч мөн адил цөөхөн байдаг ажээ.

   "Би уг нь хотын хүүхэд. Гэхдээ миний нэрийг хүүхдийн засал лут хийдэг Архангайн Очирбат лам хайрласан гэдэг. Миний аавын талынхан Архангай аймгийн Ихтамир сумын хүмүүс байдаг. Очирбат гуай бол бие нь өвдсөн хүүхдийг сайн анагаадаг "Хүүхдийн лам" гэж алдаршсан хүн байлаа. Тэр хүн надад Жанчивдонир гэж нэр өгснийг төвөдөөс монгол руу орчуулбал жанчив нь бодь, донир нь том ламын туслах гэсэн утгыг илэрхийлдэг юм. Очирбат гуай миний гурван дүүд Чойжинням, Дамбийжалцан, Данзанбалжир гэдэг нэр өгсөн. Монголд одоогоор Чойжинням нь тав, Дамбийжалцан нэг, Данзанбалжир гурав байна. Түүнээс нарийн цаад учрыг нь би сайн мэдэхгүй.

   Миний санахад Очирбат гэж малигар шар өвгөн байсан санагддаг юм. Нэр авснаасаа хойш долоон настай байхдаа хүүхэдтэй барилдаж байгаад булчингаа мултлаад очиж бариулаад эдгэж байлаа. Хожим нас элээхэд нь буяны үйлийг нь харж байсан. Манайхан Цагаан сараар цуглаад Очирбат гуайг дурсаж ярихаараа сонин сонин юм их ярина аа. Манай аавын дүү эмч хүн байсан юм. Нэг өдөр хүү нь эмнэлгийн сэхээн амьдруулахад шилжээд Очирбат гуайг тэр тасагт шөнө дөлөөр аваачиж ном уншуулсан гэдэг. Социализмын үе болохоор ээлжийн даргыгаа эзгүйд аргалж оруулж л дээ. Тэгтэл авга ахын хүүтэй хамт тэр тасагт байсан хоёр хүүхэд эдгэж гурвуулаа илаарь болоод эмнэлгээс гарсан юм билээ. Хүүхдэд ээлтэй, хүүхдийн засал сайн хийдэг хүн байсан юм. Хожим нас барахдаа аавд минь “Чи арай зоригтой юм. Миний шарилыг өөрийнхөө машинаар зөөгөөрэй. Тэгээд толгойг минь тасалж аваад гавлыг мөнгөлөөд гэртээ хадгалж, шүтэж яваарай” гэж захьсан юм билээ. Тэр үед аав Хөдөө аж ахуйн яамны цахилгаан сантехникийн бригадад том тэрэгний жолооч, “ЗиЛ 130” машинтай байлаа. Гэтэл талийгаачийг хөдөөлүүлэх өдөр аавын машин эвдэрч таараад баазынхаа өөр нэг жолоочийн машиныг гуйж шарилыг нь ачаад явжээ. Тэр үед "ЗиЛ 130" машин дээр шарилыг нь задгай ачаад гартаа хар тууз уяад орос маягаар хөдөөлүүлдэг байсан юм уу. Тэгээд 1980-аад он учраас аав айх, санаа зовохдоо толгойг нь тасалж, гавлыг нь аваагүй. Гавлыг нь аваад тахилын будааны сав шиг юм болгохыг уг нь өөрөө амьд ахуйдаа захьсан юм гэдэг. Тэр үед машиныг нь гуйж хөдөөлүүлсэн айлын хүүхдүүд одоо их сайн явдаг. Гадаад харилцааны яам, гадаад улсад Элчин сайдаар ажилладаг нь ч байна. Би энийг, буяныг нь авах гэж юм байдаг, тэр юм болов уу гэж санадаг юм.

   Миний нэрийн тухайд хүмүүс бүтнээр нь дуудаж чадахгүй гайхаад байдаг юм. Голдуу Доржоо гээд байдаг. Зарим хүн бүр Долингор гэж андуурна. Цагдаад ажилладаг байхад манайхан бол “Лам аа” л гэж дуудна. “Донир лам аа, лам Донир, Дониртоон” гэж л дуудна шүү дээ.

   Би тав билүү, зургаадугаар ангид байхдаа лам болох гээд VI дэлгүүрийн тэнд байсан Зүүн хүрээний хийдэд дүү Дамбийжалцантайгаа очиж байв. Тэгэхэд ламхай нарт сахилын нэр өгдөг байсан юм. Батболд гэдэг нэртэй хүүхэд байлаа гэхэд өөр сахилын нэртэй болно шүү дээ. Тэгээд Зүүн хүрээний хийдэд очоод зурхайч лам, гэсгүй нартай нь уулзахад “Танд сахилын нэр хэрэггүй юм байна” гэж байлаа. Гэхдээ би лам нарын мөрддөг сахил санваарыг сахилга баттай авч явахаас эмээсэн үү, шавилж суугаагүй юм. Лам хүн хүнтэй суудаггүй гэхээр нь хүнтэй сууя гэж бодсон юм байлгүй. Харин дүү Дамбийжалцан маань лам болж одоо Мамба дацанд сууж байна".