images

 Зөвлөх эмч А.Буяндэлгэр: Хүн хэзээ таргалж эхэлнэ, тэр үеэс чихрийн шижингээр өвдсөн байдаг

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-02-22


 Зөвлөх эмч А.Буяндэлгэртэй ярилцлаа. Тэрбээр нийгмийн сүлжээнд нүүр номоороо дамжуулан чихрийн шижин өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэдэг юм.

- Чихрийн шижин өвчин бидний амьдралд хэдийнэ танил болжээ. Энэ өвчнөөр шаналсан хүн хэдэн зуу мянга байгаа ч эмчлэх аргаа нэг л олохгүй байх шиг байна?

- Би 1980-аад оны дунд үед ЗХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Тухайн үед багш нар маань өнөөгийн бидэнд хамгийн их тохиолдож байгаа чихрийн шижин, судасны хана хатуурах, цусны даралт ихсэх өвчний шалтгаан нь холестериний талаар буруу ойлголттой байснаас үүдсэн гэж ярьдаг байлаа. Бүр   анагаах ухаанд холестерин гэдэг айхтар зүйл бий. Гэхдээ тэр нь монголчуудын цусанд байдаг тусгай генээс болоод монгол хүнийг өвчлүүлдэггүй юм аа гэсэн дам яриа байв. Нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь биеийн эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед чихрийн шижин үүсдэг. Монголд тарган хүн ховор, хортой, хоргүй хавдар, цусны даралт, судасны хана хатуурах өвчтэй хүн цөөн, тулай гэгчийг сонсоо ч үгүй байсан цаг. Үнэхээр л тэр өвчин бидэнд хүрдэггүй байх гэж ойлгодог хүмүүс ч байсан. Гэтэл одоо насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь илүүдэл жинтэй, үүнээс гуравны нэг нь хэт илүүдэл жинтэй. Хорт хавдрын 100 мянган хүнд эзлэх тоогоор дэлхийд нэгдүгээрт, дөрвөн төрлийн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийн дунджаас 4-5 дахин их болсон байна.

  Монголд хамгийн анх чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр 1970 онд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Учир нь монголчуудын амьдралд гурил, цагаан будаа, төмс, чихэр, төрөл бүрийн амттан өргөн тархсан үе. Эдгээр нь бүгд цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсгэдэг.

- Хамгийн хожуу үеийн хүндрэл нь юу байдаг вэ?

- Хараагүй болох. Нүдний эмч мэргэжилтнүүд чихрийн шижин өвчний явцыг хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүндэрвэл хүний биеийн бүх судсыг гэмтээдэг аюултай өвчин. Эмч чихрийн шижинтэй хүн ороод ирэхэд нүдний угийн хялгасан судсыг нь хараад шууд мэддэг. Хүнийг амьдад нь зөвхөн хялгасан судсаар оношилж болдог ганц өвчин бол чихрийн шижин юм. Цус харвасан, үхэжсэн, судас нь өргөссөн гээд өөрчлөгдсөн байвал яг тэр өөрчлөлт бусад бүх эрхтэнд нөлөөлж байгаа гэсэн үг.

- Хараанд хүндрэл үүсэхээс нь өмнө эмчлэх арга байдаг уу?

- Нүдний эмч нар эхэн үедээ сахараар хүндэрсэн хүний ерөнхий эмчилгээнд оролцдоггүй байсан. Дотоод шүүрлийн эмч нар эмчилгээгээ хийсний дараа харааны хүндрэл үүсвэл бид эмчлэх ёстой гэсэн байр суурьтай байв. Харин манай нэг эмч 2010 онд Лондоны их сургуульд “Чихрийн шижингийн харааны хүндрэл” сэдвээр мастерын зэрэг хамгаалаад ирсэн. Тэр эмч бидэнд өөрийн сурсан, мэдсэнээ хэлж өгсөн юм. Тэрнээс хойш нэг их удалгүй Улаанбаатар хотын нэг дүүрэг, гурван аймгийн харьяалалтай чихрийн шижингээр өвдсөн иргэдийн нүдний зургийг нь авав. Тэгэхэд нийт үзлэг хийсэн иргэдийн 30 хувьд нь аль хэдийнэ харааны хүндрэл үүсчихсэн, өөрсдөө ч мэдээгүй байсан. Тиймээс манай эмч нар 2015 онд Америкийн Ричард К. Бэрнштэйн эмчийн, нүдний хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргыг олж мэдээд, 2018 оноос нэвтрүүлсэн юм. АНУ-даа чихрийн шижинтэй нийт хүмүүсийн 10 хувьд хэрэглээд, 50 гаруй жил нутагшсан байсан. Мэдээж хэрэг анагаах ухааны нотолгоонд суурилсан арга. Харин дэлхийн бусад улсуудаас Япон, Швед, Англи, Австрали энэ аргыг хэрэглэдэг болсон. Р.Бэрнштэйн эмч аль ч шатны чихрийн шижинтэй хүний цусан дахь сахарын хэмжээг эрүүл хүний түвшинд барьж чадвал бол бүрэн зогсооно гэсэн онолыг барьдаг юм билээ. Австрали улс чихрийн шижин өвчнийг эмчлэх удирдамжиндаа гурил, чихэр, цагаан будаа, төмс, жимс зэргийг хориглох заалт оруулсан байдаг. Мөн “Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр нь даамжирдаг өвчин биш” гэдгийг тусгасан. Үүнээс үзэхэд харааны эрхтэнд хүндрэл үүссэн ч гэсэн цусан дахь сахарын хэмжээг барьж чадвал даамжруулахгүй, бүр эдгэх магадлалтай юм.

- Манай улсад аль насныханд зонхилж байна вэ?

- Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр илүүдэл жинтэй, дундаж насны хүмүүст хамгийн элбэг тохиолддог. Анх 1970 онд манай улсад бүртгэгдсэн гэж байсан даа. Сүүлийн үед харин залуужаад байна. Саяхныг хүртэл 10-аас доош насны хүүхдэд чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр тохиолдоно гэдэг байж боломгүй байсан бол одоо хэвийн үзэгдэл болжээ. Ихэвчлэн бага насны хүүхэд, залуучууд нэгдүгээр хэлбэрээр өвчлөх нь элбэг. Гэнэтхэн цусан дахь сахар нь ихсээд ухаан алдаж унаад шинж тэмдэг нь эхэлдэг. Арга хэмжээ авахгүй бол амархан хүндэрнэ.

- Монголчууд ангаа (ам хатах) өвчин гэж ярьдаг байсан гэсэн?

- 1970 оноос өмнө нэгдүгээр хэлбэр нь цөөн ч гэсэн хүмүүсийн дунд байж. Тэрийг нь монголчууд ангаа гэж  нэрлэдэг байсан болов уу. Цусан дахь сахар 25-30 хүрээд эд эсэд нь шим тэжээл очихгүй болохоор хүн асар их хэмжээгээр шингэн ууж эхэлдэг. Уугаад шээсээрээ гаргаад л байна. Хүний бие өөрийгөө өндөр сахараас аврахын тулд бөөр, элэг, арьс, тархи гээд бүхий л эрхтэнээ ажиллуулдаг. Түүнийг илтгэх бие махбодын механизм бол их ууж, их шээх. Ингэснээрээ бага ч болов сахараа багасгаж байгаа хэрэг.

- Энэ өвчнийг даамжруулах хүчин зүйл гэвэл?

- Таргалах, цусны даралт ихсэх, судасны хана хатуурах, бөөр өвдөх, гар хөл нь өвдөх, унаж татах гээд чихрийн шижин маш олон төрлөөр хүний биед илэрч болдог. Тиймээс дан ганц нэг эрхтэнээ эмчиллээ гээд бүрэн эдгэрчихдэггүй. Зөв онолыг эмчилгээндээ суурь болгох хэрэгтэй. Товчхондоо энэ бол гурил, чихрийн архаг хордлого. Анагаах ухааны хэлээр бодисын солилцооны хямралын хам шинж гэдэг. Хам шинж нь маш олон өвчнийг нэгтгэсэн ойлголт. 1980-аад оны үеэс Америкийн эмч нар таргалалттай хүний цусны даралт нь ихсэж, судасны хана хатуурсан байгааг ажиглаад бодисын солилцооны хямралын хам шинж гэж нэрлэсэн байгаа юм. Инсулин даавар илүүдэл сахарыг өөх болгон хувиргахад хүн таргалж эхэлдэг. Тиймээс хүний бие өөрийгөө аврах хариу урвал явагдаж байна гэж үздэг юм.  Хэвлий нь хүний биеийн хамгийн хөдөлгөөнгүй хэсэг учраас зөвхөн тэр хэсгээс эхэлж таргалдаг. Хүний биед өөр таргалдаг механизм байхгүй. Харин хэзээ илүүдэл сахарыг өөх болгон хувиргаж чадахаа болино, тэр үед эд эсүүд гэмтэж амь насанд хүрэх аюултай. Хүн болгонд илүүдэл сахарыг хоргүйжүүлж саармагжуулах нөөц өөр байна. Чихрийн шижинтэй хүмүүс 10 ммоль/л дотор байвал хэвийн байна гэж ойлгоод байдаг. Гэвч энэ нь өндөр тоо. Гурил,чихэр, цагаан будаа, чихэр, төмс хэмжээнээс үл хамаарч цусан дах сахарыг 15 минутын дараа 5-10 ммоль/л-ээр ихэсгэдэг. Энэ үед нойр булчирхайнаас асар их хэмжээний инсулин ялгарна. 

- Хүн өөрийгөө тогтмол чагнаж байх хэрэгтэй байх нь ээ?

- Эрүүл мэндээ удирдахыг хүсэж байгаа бол өдөр тутмын амьдралаа хянах хэрэгтэй. Сахарын өвчинд богино хугацаанд хэвтэж эмчлүүлэх нь нөлөөлөхгүй, өдөр тутам хийдэг зүйл нөлөөлдөг. Үргэлж хийж байсан мөртлөө ямар ч үр дүн өгөөгүй эмчилгээг үргэлжлүүлж хийсээр байх юм бол сахарын өвчин даамжирч хүндэрсээр л байх болно.

- Эрүүл хүний цусан дахь сахарын хэмжээ хэд байдаг юм бол. Аюултай нь хэд байх вэ?

- Хүүхэд, хөгшин хүн ялгаагүй тогтмол 4.5-4.7 ммоль/л байдаг. Хүний бие өөрөө цусан дахь хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хэмжээ, хүчил шүлтийн тэнцвэр, биеийн дулаан, зүрхний цохилт, цусны даралтын тоо, сахарын хэмжээгээ нарийн зохицуулж чаддаг ч хэтрүүлж ачаалал өгч болохгүй ээ.

- Гурил, будаанд зохист хэмжээ гэж бий юу. Ор тас хорьж болохгүй байлгүй дээ?

- Гурил, чихэр, цагаан будаа, төмс, жимс гэх мэт цусан дахь сахарыг огцом ихэсгэдэг хүнсний бүтээгдэхүүнийг нийт хүн амын 12 хувь нь шингээж чаддаг бол 88 хувь нь чаддаггүй. Төрөлхийн гурил, чихрийн үл зохицолтой гэж хэлж болно. Тааруулж хэрэглэнэ гэж байхгүй. Их хэмжээгээр идсэн ч таргалдаггүй хүмүүс бол удамшилтай холбоотой. Амьдралын түвшин дээгүүр улс орнууд цусан дахь сахарыг огцом ихэсгэдэг хүнсний хэрэглээг эрс багасгасан байна. Жишээлбэл, Японд цэвэр элсэн чихрийг хоол хүнсэндээ хэрэглэдэггүй уламжлалтай. Хятадад дунджаас дээш хоолны газруудад цагаан будаа,  мантуу байдаггүй. Үйлчлүүлэгчид нь ч тоож иддэггүй юм байна. Харин олон төрлийн мах, ногоо, далайн гаралтай хүнс түлхүү ширээн дээрээ тавьдаг.

- Хүмүүс цагаан гурилаа бүхэл үрийнхээр, элсэн чихэрээ зөгийн балаар орлуулж байна. Ингэж болох уу?

- Ялгаа байхгүй. Бүгд л адилхан хүний биед ороод цусан дахь сахарыг ихэсгэнэ. Харин ямар хугацаанд үйлчлэх вэ гэдгээрээ ялгаатай. Р.Бэрнштэйн эмч 1946 онд 12 насандаа чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрээр өвдсөн. Тэр үед ийм өвчтэй хүн 30 насалдаг байж. Тэгэхээр нь нэг эмчилгээний арга олоод өөр дээрээ туршсан нь амжилттай болсон. Нас бие ч гүйцэж эмч бүсгүйтэй ханилж, хоёр, хүүхэдтэй болсон ч өвчин нь сэдрээд улам хүндэрчхэж. Тэгэхээр нь ямар хүнсний бүтээгдэхүүн идвэл сахарын хэмжээгээ бага байлгах вэ гэдгийг олж тогтоогоод, өөрийгөө эмнэх аргаа олсон байгаа юм. 46 насандаа Анагаахын дээд сургуульд орж эмч болсон. Одоо 87 настай ч дотоод шүүрлийн  эмчээ хийгээд, улирал болгон Үoutube дээр лекц уншаад явж байна.

- Таны өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маяг ямар байдаг вэ?

- Хүнд эрүүл амьдрахад зайлшгүй шаардлагатай гурван нөхцөл байдаг. Бэлчээрийн малын мах хүний биеийг хэзээ ч гэмтээдэггүй. Өөхтэй мах хангалттай тохирсон хэмжээгээр идэхэд хүний биеийг 5-6 цаг шим тэжээл энергиэр бүрэн хангадаг. Мөн бүх төрлийн байцаа, эслэг бүтээгдэхүүн. Нийт 65 төрлийн байцаа болон ногоон ногоог идэж болно. Байцаа нь хамгийн бага сахар агуулсан ногоо. Үүн дээрээ нэмээд дасгал заавал хийдэг. Хүчний дасгал хийвэл хүний биед илүүдээд байгаа сахар булчингийн эсийн митохондрид орж шатаж алга болдог. Зөөлөн гүйх алхах үед сахар шатдаггүй. Ийм дасгалуудыг зүрхний дасгал гэж нэрлэдэг.  Гурав дахь үндсэн хүчин зүйл нь мацаг. Хүний бие хоол идэхгүй байгаа үедээ эдгэрч байдаг.

- Сахар унасан хүмүүс чихэр иддэг гэсэн ойлголт бий. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

- Хүн болгоны чихрийн шижин өвчний явц нь өөр. Дөнгөж эхэлж байгаа бол нэг асуудал. 20-30 жил өндөр сахартай яваад бүх эрхтэнд халдсан бол өөр асуудал. Эрхтэнүүд гэмтээгүй, дутагдалд ороогүй бол хоолны дэглэмээ барьж сахарын хэмжээг тогтвортой барих боломжтой. Сахар уналаа гээд заавал чихэр, жимс, шүүс, талх, гурил идэх албагүй. Эрүүлжих явц нь заавал өлсөх мэдрэмж дагуулдаг. Өлсөх мэдрэмжээс битгий ай. Орчин үед хүмүүст өлсөхөөс илүү буруу хиймэл хоолны илүүдэл нь зовлон болж байна.

- Ярилцсанд баярлалаа

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.