images

Г.Цэрэндорж: Сарлаг дагнаж зурдаг хүн надаас хойш гарахгүй байх

Ж.Ариунгэрэл

Хөдөөгийн баясгалан

2023-12-01


   duuren.life сайтын редакц бүрэлдэхүүнээрээ өнгөрөгч 11 дүгээр сард Баянхонгор аймагт ажиллаж, бэлтгэсэн сурвалжлага, ярилцлагуудаа цувралаар нийтэлж байгаа билээ. Хонгор нутагт ирсэнийх, хойшлуулшгүй уулзах хүмүүсийн нэг нь “Сарлагийн зураач” Готовын Цэрэндорж гэж нутгийн хүмүүс зөвлөсөн юм. Зочин зөвшөөрөв, зорьж очив. Эхний асуулт мэдээж, “Яагаад сарлаг зурдаг юм бэ?” Хариулт нь харин ийм: “Сарлаг их гэнэн мал. Айхтар сониуч. Яг л хүүхэд шиг”. Баянхонгор аймгийн зураач, Соёлын тэргүүний ажилтан Готовын Цэрэндорж үүнээс цааш ийн хуучлав.

   Энэ жил уран бүтээлийн олз омог их, ганзага дүүрэн сайхан жил байна. Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод Урчуудын эвлэлийн арт галерейд сарлагийн бүтээлээр дагнасан “Түмэн сарлаг” бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Сарлагийн зургуудаасаа гадна тоног төхөөрөмж, эдлэл хэрэглэл, сүү цагаан идээ гээд сарлагтай холбоотой бүхнийг аваачиж сурталчлан, инсталляци маягаар тавьж, хүмүүсийг сарлагийн айргаар дайлж, сарлагаар л дагналаа.

Мэдээ орсон цагаасаа л сарлаг зурсан

   Би өөрөө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүн. Манай сум сарлагийнхаа тоо толгойгоор улсдаа хоёр, гуравдугаарт ордог. Сумын нийт 1800 гаруй өрхийн 1500 нь малчин. Сарлаггүй айл гэж байхгүй. Нэг айл багадаа 20-30, дээд тал нь 500-600 сарлагтай, ийм сум юм. Сарлаг дунд төрж, сарлаг маллаж, сарлагийн тугал хариулж, үнээ ивэлгэж өссөн учраас сарлаг миний сэтгэлд онцгой ойр юм. Би мэдээ орсон цагаасаа л сарлаг зурсан хүн. Хичээлийнхээ дэвтэрт сарлаг зурчихаад багш нартаа аашлуулж явдаг хүүхэд байв. Миний хамгийн сайн мэдэх юм бол сарлаг. Тиймээс ч сарлагаар дагнаж бүтээлээ хийдэг, сарлаг бол миний гол сэдэв, бүтээлүүдэд минь голлох байр суурь эзэлдэг. Саяын үзэсгэлэнд сарлагийн жар гаруй бүтээлээ дэлгэсэн. Ухаан орох цагаасаа л сарлаг зурсан учраас нийт төдийг зурсан гэж тоо гаргах аргагүй. Ер нь ээлжит болон гадаад, дотоодын үзэсгэлэнгүүдэд сарлаг л зурж оролцдог. Сарлаг гээч амьтан дэлхийд ховордсон, одоо хэдхэн улсад л байна. Тэр орнууд нь өндөр уулын бүсэд байдаг орнууд. Сарлаг бол зэрлэг гөрөөс талдаа амьтан юм даа гэж би хувьдаа ойлгодог. Сарлагийг судлах, сурталчлах, дэлхийд таниулахад чухал үүрэг гүйцэтгэх зорилгоор сарлагаа судалдаг, сарлагийн бүтээлүүдээ бүтээдэг. Сарлаг үржүүлгийн групп гэж бий, сарлаг зурдаг зураачдын групп байгуулъя гэж бодоод, сарлагтай нутгуудаар зураачдыг аялуулах хийх зорилго тавиад явж байна. Зураачид сарлаг зурдаг л даа. Гэхдээ над шиг дагнаж зурдаг зураач байхгүй. Сарлагаар дагнасан үзэсгэлэн өмнө нь гарч байгаагүй. Хойшид ч надаас өөр ингэж зурах хүн гарах болов уу даа, мэдэхгүй. Яахав, зураачдыг өөртөө татаж сарлаг зуруулаад, сонирхуулаад, зураачдын групп байгуулвал хойшид хамтарсан болоод бие даасан сарлагийн сайхан үзэсгэлэнгүүд гарах байх. 

Баянхонгорын наадмын паян

   Сарлаг зурахаар цаанаа л нэг тайван, амгалан болдог юм. Сарлаг их сонин, гэнэн амьтан. Маш сониуч мал шүү дээ. Хүүхдийнх шиг гэнэн сэтгэлтэй. Сэтгэлд ямар дотно гээч. Мэдэхгүй хүмүүс бол айна, ойртож чаддаггүй. Гэтэл хэчнээн номхон дөлгөөн амьтан бэ, дотроо их хайрладаг юм би. Яахав, таагүй хандвал бас их гөжүүд, муйхар талдаа. Улайруулаад аашийг нь эвдэх юм бол харин яаж ч мэднэ. Дөрвөн жилийн өмнө манай Баянхонгорын наадмыг нэг сарлаг тараасан даа. (Тухайн үед бичлэгийг нь үзэж байсан болохоор тэр дороо нүдэнд харагдаж яригч, яриулагч хоёул түсхийтэл инээлдэж, хэсэгтээ л инээдээ барьж чадсангүй. Зох.) Тэгэхэд би тэр сарлагийг тууж стадион руу оруулж байлаа. Хургаад байхаар нь том тэнзэн ташуураар хэн нэгэн нь хойноос нь ташуурдаатхаж л дээ, тэгээд л тийм явдал болчихсон юм.

   Наадмын талбай дүүрэн хүнтэй. Баярын жагсаал юм нь стадионыхоо яг голд болж байдаг. Гэтэл юу юугүй яг наадмын төв талбайд сарлаг туйлаад. Энд тэндгүй шагшаан шуугиан болж, наадамчид ийш тийш зугтаалаа. Нөгөө “Зэрэгц!” команд авсан цагдаа цэргийнхэн хүртэл команд хамаагүй болж зугтаагаад, урлагийн тоглолтын улсууд хөгжмөө авч зугтаагаад, энд тэнд унаж ойчицгоогоод бөөн бужигнаан болов. Би тэр үед багийн дарга нэлээд хэдэн жил хийчихсэн хүн Эрдэнэцогт сумынхаа гол сонин үзүүлбэр болгон сарлагаа сурталчлах, сумаа сурталчлах гэж нөгөө хэдэн сарлагаа унахыг нь унаж, ачихыг нь ачиж, туухыг нь тууж аймгийн төв орж ирсэн юм. Номхон сайхан гучаад сарлагаа иж бүрэн эдлэл хэрэглэлтэй нь туугаад явж орсон нь тэр юм л даа. Тэгсэн тэр сарлагийн дургүйг хүргэснээс болоод наадам үймүүлээд бөөн юм болоотхов. Нэг талаар мартагдашгүй сайхан дурсамж юм даа. Уг нь гэр бараа аччихсан, хүүхэд мүүхэд суулгачихсан их сүртэй сайхан үйл явдал болох байлаа л даа. Би багийн дарга байсан болохоор баг багаас авчирсан өнөө хэдийгээ өөрөө тууж орсныг хэлэх үү. Гэтэл ингээд гэв гэнэт зулраад, дөрөөгөө чирээд алга болсон. Эмэгтэйчүүд орилоод, энд тэндгүй туфли нь суга үсрээд, өнөөх гоё дээлтэй хүүхнүүд чинь унаад л, дарга нар индэрт гайхчихсан, микрофон зогсчихсон. Бөөн шуугиан. Хуучин цаг байсансан бол бөөн юм болох байсан байх. Цаанаас нь цагдаа хүчнийхэн аашлаад, манай сумын Засаг дарга жигтэйхэн сандарчихсан “Ёстой балай юм боллоо. Та одоо хачин юм хийлгэлээ” гээд урдаас ирэхээр нь би “Юу нь балай байдаг юм. Харин ч сайхан, манай нутгийн брэнд бор сарлаг мал мэдэхгүй юмнуудад сануулж байхгүй юу, үзүүлж байхгүй юу. Харин ч гоё” гэсэн чинь “Нээрээ ч тийм юм уу” гэж дуугарч байна. Тэгээд хэдэн сарлагаа бушуухан шиг стадионоос гаргасан.

   Өнөө бор сарлаг маань цэнгэлдэх хүрээлэнг гурав тойрч туйлчихаад нэг жижиг хаалганы завсраар гадагшаа гарлаа. Зүгээр ч гараад явчихсангүй, гадаа худалдаа хийж байсан улсуудыг нэг түйвээж өгөөд аймгийн зах руу гараад алга болсон. Араас нь очсон чинь юу ч болоогүй юм шиг идээд зогсож байдаг юм. Тэгээд “Фэйс бор” нэртэй болсон доо. Одоо ч нутагтаа байж байна. Уг нь их номхон, айлын авгай хүүхдүүдийг дүүрээд үүгээр түүгээр явж байдаг тийм л сарлаг. Олон хүн дотор ороод хургахаар нь жаахан ширүүн загначихаар тэгж аашилж байгаа юм. Тэр үед зургаан настай байсан. Одоо арваад настай бүдүүн шар эр үхэр байгаа.

Жамц багш мотоцикльтой давхиж ирээд...

   Би бол мэргэжлийн сургууль төгсөөгүй хүн. Наймдугаар анги төгсөөд хөдөө тасаг дээр гарчихсан, сарлагийн тугал хариулаад, хажуугаар нь хадлан авах ажилтай байж байтал манай зураг, хөдөлмөрийн багш, Монгол улсын Гавьяат багш Жамц мотоцикльтой давхиж ирээд “Чи одоо сургууль соёлд явдаггүй яасан хачин хүүхэд вэ. Чамайг дүрслэх урлагийн сургуульд оруулж өгье” гэдэг юм. Тэгээд багшийнхаа үгээр тэр сургуульд нь ордог болоод очтол элсэлт энэ тэр нь өнгөрсөн байж таарав аа. Тэгэнгүүт багш 16-хан настай намайг Аймгийн урчуудын эвлэлийн салбарт авчирч дагалдан зураачаар оруулаад Урлагийн гавьяат зүтгэлтэн Санжид гэдэг хүний шавь болгосон. Түүнээс хойш Баянхонгор аймгийнхаа Урчуудын эвлэлийн салбарт тасралтгүй ажилласан даа.

Сарлагийн зураач багийн дарга болсон нь

   Ерээд онд зах зээлийн давалгаанаар ажилгүй болоод, аймгийн Хөгжимт драмын театрт орж ерөнхий зураачаар нь дөрвөн жил ажиллав. Хүүхдүүд ч эхнээсээ оюутан болж хот руу явахад дагаж, чөлөөт уран бүтээлч гэх юм уу тухайн үед талбай дээр, Их дэлгүүрээр зурагаа зардаг боллоо. Тэгж байгаад гэв гэнэт нутгаа санаад, сайхан найзууд минь ч тэнгэрийн оронд одоод “Ерөөсөө л нутаг явъя. Яг төрсөн газраа, бүр хөдөө гаръя” гэж шийдлээ. Тэгээд чухам л хөдөөний жинхэнэ ориг уран бүтээлч болох гээд очсон чинь тэнд сонгууль болж таараад гэнэт багийн дарга болчихмоор оргидог юм аа. Аав минь нутагтаа нэр хүндтэй, нутгийнхан “Өндөр гуай” гэж авгайлдаг том лам байсан болохоор эхний дөрвөн жил аавынхаа нэр сүрээр сонгуульд ялж багийн дарга боллоо. Харин сүүлийн дөрвөн жилд нь өөрөө сайн ажиллаж, хүмүүстэй ч сайхан харилцаатай байсных юм болов уу дахин сонгогдоод нийт найман жил төрийн алба хашжээ. 2008 оноос хойш тэтгэвэрт гартлаа төрсөн нутагтаа, бүр хөдөө уулын аманд багийн дарга хийж сарлаг дотроо, сарлагчид дундаа байсан нь тэр. Тэр үед сарлаг зурах сэтгэл, сэдэл их оргилж, нутгийн хүмүүсийн хайртай сарлагийг нь, сайхан сайхан сүрлэг бухыг нь, өвөлжөө бууцыг нь зурж өгдөг байлаа.

21 аймгийн зураачдыг Улаанбаатарт цуглуулав

   Ингээд 2017 оноос Аймгийн урчуудын эвлэлийг тэргүүлж эхэлсэн. Тэгээд тэтгэвэртээ гарч эндээ сарлагаа зураад хажуугаар нь Урчуудын эвлэлийн голлох ажлуудад оролцоод салбараа бэхжүүлэхийн төлөө чармайж явна. Хөдөөд бараг үгүй болчихоод байсан Урчуудын эвлэлийн салбарыг үүсгэж хөгжүүлэх, төвтэйгээ холбох талаар нэлээд ажил хийж байна. Урчуудын эвлэлийг удирдаж байхдаа миний хийсэн гол ажил юу вэ гэвэл, зураач, урлаг судлаач Лхагвасүрэн, “Тэмүүжин” театрын дарга байсан Ганчимэг гавьяат бид гурав санаачлаад дөрвөн жил гадаад дотоодын 130 гаруй зураачийг хамруулсан “Монгол салхи” үзэсгэлэнг дөрвөн жил зохион байгуулсан явдал. Тэгээд 2021 онд “Дэлгэр Монгол” гэж 21 аймгийн зураачдын үзэсгэлэнг би өөрөө санаачлан Улаанбаатар зохион байгуулсан юм. Тэр бол урьд өмнө нь байгаагүй чухал ажил болсон. Зураачдын асар том масс нэг дор цугласан даа. Үүгээрээ гоё үзэсгэлэн гаргаад, уламжлал болгож хоёр жилд нэг удаа гаргаж байхаар болж билээ.

“Баянхонгороос Шороотын Цэвээн ирлээ”

   Бас нэг гол зүйл гэхээр, би өөрөө бие даасан үзэсгэлэн гаргахын зэрэгцээ “Сэтгэлийн өнгө” гэж номоо хэвлүүлээд үнэгүй тараасан. Миний сонирхол гэвэл шүлэг, яруу найраг их сонирхоно. Залуудаа хөгжмийн зохиолч Ц.Чинзоригтой үерхэж өвөр түрийдээ унтаж хүртэл нөхөрлөж явлаа. Яруу найрагч Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, А.Эрдэнэ-Очир гээд үе тэнгийн од болсон яруу найрагчидтай савахдаа савж, шартахдаа шартаж, хот орохоор тэд маань “Баянхонгороос манай Шороотын Цэвээн ирлээ” гэж уулзалддаг байлаа хөөрхий. Хотод “Хонгор нутаг” гэж үзэсгэлэнгээ жил бүр гаргадаг байсан. Тэгж очихдоо тэдэнтэйгээ нийлж сэтгэлээ хөглөж дарвиж явсны үлдэц гэх юм уу, яруу найрагт их дурлаж зав чөлөөгөөрөө шүлэг бичдэг юм. “Сэтгэлийн өнгө” номонд маань 100 гаруй зураг, 40 гаруй шүлэг, багийн дарга байхдаа сонинд бичсэн нийтлэл, шүүмжлэл янз бүрийн юм бий. Хэд хэдэн шүлгээрээ дуу хийсэн. ”Саатан жаргамаар нутаг”, “Эх нутаг минь”, “Ханийн тэнгэртэй хорвоо” гэж дуунууд байна, эмээгийн тухай дуу хүртэл бий. Сарлагийн тухай шүлгүүд бас байна аа. Сарлагаа зурах төдийгүй шүлгээр хүртэл магтан дуулж явна даа ах нь.   

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.