images

“Тунгалаг Тамир”-ыг солонгосоор орчуулсан түүх буюу солонгос эрдэмтэн яагаад Дарьгангын Гансүх нэртэй болов?

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-05-23


     Монголын 20 дугаар зууны шилдэг роман “Тунгалаг Тамир” орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон, хятад зэрэг гадаадын найман хэлээр орчуулагджээ. Тухайн улс орондоо монгол хэлээр мэргэшсэн шилдэг орчуулагчид энэ лут романыг барьж авч хөрвүүлсэн нь мэдээжийн хэрэг. Оюутан байхдаа “Тунгалаг Тамир”-ын орос орчуулгыг олж аваад монголтой нь тулгаж үзмэгцээ ямар гээчийн хүнд ажил болохыг эхнээс нь ойлгоод шууд хойш тавьсан. Миний орос хэл гэж юу байхав, тухайн үедээ саваагүйтэж байсан нь тэр байх. Ерээд оны дундуур мөн оюутан байхдаа нэг солонгос багшийнхаа гэрт очиж номын санг нь сонирхож байгаад, олон зуун жил хадгалсан түүхийн судар аятай салбарч хуучирсан нэгэн солонгос ном байхыг олж хараад сөхөж үзвэл Эрдэнэ, Итгэлт гэх мэт монгол хүний нэр гараад эхлэв. Сонирхоод бүр эхнээс нь харвал “Тунгалаг Тамир” роман солонгос хэлээр байх нь тэр. Энэ романыг солонгос хэлээр орчуулагдсан гэж мэдээгүй байсан болохоор даруй багшаасаа асуугаад, далаад оны үед Хойд Солонгост орчуулсан болохыг мэдсэн билээ. Эргүүлж тойруулж үзвэл хамгийн арын хуудсанд нь Умард Солонгосын Ардын хэвлэлийн хороо гэж байсан санагдана. Орчуулагч нь ямар хүн байсныг одоо мартжээ.    

     Ингээд нэг өдөр тэр солонгос “Тунгалаг тамир”-ыг багшаасаа гуйж аваад монгол эхтэй нь тулгаж үзэв. Сайн таардаггүй дээ. Нэг өгүүлбэр хоёр болчихсон, зарим хоёр гурван өгүүлбэр нэг болчихсон гэх мэтээр шууд тулгаж харьцуулаад явж болохгүй байлаа. Ингэж мухардаад багшаасаа асуувал тэр гэмээнэ орос орчуулгаас нь хойд солонгос руу буулгасан эд байжээ. Ямар ч байсан “Тунгалаг тамир” маань Умард Солонгост орчуулагдаж гарсан юм байна гэж мэдээд л өнгөрөв.   

     Харин “Тунгалаг тамир”-ыг Өмнөд Солонгост, тухайлбал манайхны өргөн хэрэглэдэг өмнөд солонгос хэлээр Сөүлийн их сургуулийн профессор, монгол судлаач эрдэмтэн Юү Вонъ Сү орчуулсан билээ. Монгол судлаач эрдэмтэн Юү Вонъ Сү бол Солонгосын гадаад хэлний их сургуулийн япон хэлний анги, мөн Сөүлийн үндэсний их сургуулийг дүүргэжээ. Энэ явцдаа Японы нэрт монголч эрдэмтэн Ш.Озава багшид шавь орон монгол хэл сурсан хүн юм. Дараа нь АНУ-ын Индиана их сургуулийн Төв Ази судлалын ангид монгол хэлээ гүнзгийрүүлэн судалж мастер, докторын зэрэг хамгаалсан тэрбээр Монголын түүх, хэл шинжлэл, утга зохиолын чиглэлээр олон жил судалгаа хийж ирсэн гаргуун эрдэмтэн билээ. Тэрбээр мөн Онон Өргөнгөө, Хангин Гомбожав зэрэг алдартай эрдэмтдийн хайртай шавь байсан гэдэг.

Юү Вонъ Сү буюу Дарьгангын Гансүх

     1990-ээд онд Монгол улс нээлттэй болж эхлэхэд Юү Вонъ Сү анх удаа судалгааны ажлаар Монголд ирж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаар хээрийн судалгаа хийж явжээ. Зах хязгааргүй цэлийх дорнод Монголын хээр талд үнэнхүү сэтгэл татагдсан тухайгаа тэрбээр ярьдаг. Үеийн монгол эрдэмтэд нь түүнийг Дарьгангын Гансүх гэж нэрлэнэ. Энэ нэрний учир нь, монгол эрдэмтэн нөхөд нь түүнийг “Таныг монгол хүн болгоод, таны хайртай Сүхбаатар аймгийн дарга болгоно” гэхэд тэрбээр “Үгүй ээ, би Дарьганга сумын дунд сургуулийн жирийн нэг монгол хэл, уран зохиолын багш болж төрмөөр байна” хэмээсэн тухай Боловсролын их сургуулийн багш, профессор Р.Чүлтэмсүрэн дурсан ярьж байна. Тэгээд л түүнийг Дарьгангын Гансүх гэдэг болсон хэрэг. Солонгост монгол хүмүүс тааралдаад, Сүхбаатар аймгийнх, тэр дундаа Дарьганга сумынх гэвэл хамаатан садантайгаа уулзсан мэт сүйд болж, ажил төрөл хайсан зарим нэгэнд нь ажил олж өгөхөөс эхлээд ямар нэгэн байдлаар туслахыг хичээдэг тухай мөн Чү багш дурсан ярьсан билээ. 

     Юү багш “Тунгалаг Тамир”-ыг орчуулж эхэлсэн үеийн учрал тохиол гойд сонин. “Тунгалаг Тамир” романы үйл явдал, үг хэллэг, өвөрмөц хэлц, зүйр үг, хошин ёгтлол, цаашлаад газар ус, засаг захиргааны нэгж, хүмүүсийн мяндаг тушаал зэрэг нь гадаад хүнд амаргүй байсан нь мэдээж. Юү багшийн аз гийхэд, орчуулгаа ид хийж байх үед “Тунгалаг Тамир” киноны Хонгорын бага насны дүрд тоглосон Лодойдамбын Галбадрах гуай Солонгос улсад Элчин сайдаар, Зая гэгээний дүрд тоглосон, солонгос судлаач, дипломатч Ж.Ломбо гуай мөн ЭСЯ-нд элчин зөвлөхөөр ажиллаж байжээ. Хайртай зохиолчийнх нь хүү, мөн зохиолоор нь хийсэн кинонд онцгой дүр бүтээсэн хүн тус улсад тийм чухал алба хашиж буйг дуулсан тэрбээр маш их баярлаж, даруй эдгээр хүмүүстэй танилцан дотносоод, орчуулгын явцад гарсан ойлгоход бэрх элдэв үг хэллэг, ойлголтыг тэднээс асууж лавлан учрыг нь олдог байсан гэдэг. Мөн Юү багшийн эртний найз Р.Чүлтэмсүрэн профессор тухайн үед Солонгосын Дангүүк их сургууль багшилж байсан бөгөөд мөн л Чү багшаас зарим үгийн утгыг асууж тодруулдаг байжээ. “Тунгалаг Тамир” романы дүр болгон онцлог, үг яриагаа өвөрмөц байдлаа илэрхийлсэн байдаг. Тухайлбал Галсангийн “Хонгор хүү яагаа вэ? Ахаас гаваг хүртэж орхио юу?”, Ням өвгөний ”Хөл нь мухардаж. Хар арслангийн аманд өөрөө ороод ирэх нь дээ”, Итгэлтийн “Шарсан мах анддаггүй шар зурхайч”, Бадарч тахрын “Будааныхаа савтай үлдсэнээ л их юм гэж бод” гэх мэт хэллэгүүдийг аргагүй эрдэмтэн хүний нягт нямбай зангаар өчүүхэн ч өөгүй сайхан тодорхой буулгасан байдаг билээ. Нэгэн солонгос зохиолч уг романыг төрөлх хэлээрээ уншаад “Монгол хүмүүсийн сэтгэхүй, үг хэллэг онцгой уран цэцэн, ёгт далд утгатай, зүйрлэл чимэглэл гойд оновчтой юм” гэж байсан юм. Энэ бол сайн орчуулгын үр байх аа.

     Юү багштаны туурвилын санд монгол хэл шинжлэл, түүхийн судалгаанаас гадна орчуулгын бүтээлүүд нэлээд орон зай эзэлдгийн зөвхөн ганц нь “Тунгалаг Тамир”. Тэрбээр үүнээс гадна “Монголын нууц товчоо”-г 1994 онд орчуулж гаргаад дараа нь дахин засан сайжруулж 2004 онд хэвлүүлсэн нь одоо тэндхийн монгол судлаач, Монголыг сонирхогч нарын ширээнээ бэлээхэн байж буй. Ингээд дуусахгүй, “Жангар”, “Гэсэр” тууль, Николас Поппэгийн “Монгол хэлний зүй” зэрэг номыг солонгос хэлнээ хөрвүүлж гаргаснаас гадна монгол хэл, түүх, утга зохиол судлалын бүтээлүүд нь хэдэн арваар тоологдоно. Захиа бичихдээ монгол бичгийн хэлний маш сайхан найруулгаар “Өчүүхэн муу Д.Гансүх бээр...” хэмээн эхлэх нь монгол хэлийг хэр зэрэг эзэмшсэн нь харагддаг. Д гэдэг нь Дарьгангын гэж тодотгож байгаа хэрэг. 2021 онд Монголын төр Юү багшийг “Алтан гадас” одонгоор шагнасан нь хүмүүсийн хэлдгээр жинхэнэ нүдээ олсон шагнал гэлтэй. Өдгөө тэрбээр Сөүлийн их сургуульд багшилж, эрдэм судлалын ажлаа хийсээр явна.

Юү эрдэмтний  орчуулсан "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар".

Солонгос хэлээрх "Тунгалаг Тамир"-ыг эрдэмтэн багш Р.Чүлтэмсүрэнд орчуулагчаас дурсгаж бичсэн үг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.