images

“Аавдаа би хайртай”


Яруу найрагч Х.Чилаажав “Аавдаа би хайртай” дуу бүтсэн талаар нэгэн сайтад ингэж ярьсныг сийрүүлэн хүргэе.  

      “Би 1990 онд Жаргалантын сангийн аж ахуй дээр намрын ажлаар явж байсан юм. Гэтэл хоёр өдөр үргэлжилсэн усан бороо ороод ажил хойшлогдчихов. Тэгээд байрандаа байж байтал нэг цахилгаан ирлээ. Тухайн үед гар утас гэж байсангүй. Цахилгаан шуудан л ирдэг байлаа. Үзтэл “Аавын чинь бие муу байна” гэсэн цахилгаан байв. Тэгээд цонхоор нутгийн зүг ширтэж хэсэг суулаа л даа. Гадаа бороо зөөлөн шиврээд л байлаа. Тиймээс “Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай. Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай” гээд л мөртүүд шууд ороод л ирлээ. Энэ шүлгийн үг амьд байдгийн шалтгаан гэвэл би аавыгаа бодож бичсэнд байдаг байх.  Миний "Хурд" хамтлагт бичиж өгсөн шүлэг цөөхөн. Тэдний дуулсан “Буцааж нэхэхгүй хайр” дууны шүлгийг 1990 онд, “Бүсгүй” дууны шүлгийг 1998 онд бичиж байсан юм. Үүнээс гадна "Хурд" хамтлагийн олон дууны хөгжмийг зохиосон С.Ишхүү гээд авьяастай залуутай анд нөхөр бололцож явлаа. Тэр залуу миний гаргасан нэг номыг уншиж байгаад “Аавдаа би хайртай” шүлгийг олж харангуутаа  шууд ая хийчихсэн. Тэгээд л би анх “Хурд” хамтлагтай  холбогдсон. С.Ишхүү  бол үнэхээр авьяастай хүн. Би амьд ахуйд нь тийм ч олон уулзаж байгаагүй. Ер нь бас л суут маягийн хүн шүү. Энэ дуу минь 1998 онд дуу болж, олон түмэнд хүрсэн. “Хурд” хамтлаг үнэхээр гайхалтай дуулсан. Үүний хүчинд миний шүлгүүд тодорсон доо” гэжээ.