images

"Цэргийн бодол"


     Бороо шивэрсэн намрын налгар өдөр Туул голын хөвөөнөө байх цэргийн казарм дотор нэгэн дуу төрсөн нь “Цэргийн бодол” байлаа. Энэ дууны үг, аяыг 1978 онд Барилгын сапёрын 0182 дугаар ангид алба хааж байсан Д.Ганболд зохиожээ. Тэрбээр "Хурд" хамтлагийн гишүүдийн том ах байсан юм. Түүнийг эхнэр, хүүхдээ санагалзан ийн дуу бичихэд цэргийн ангийн нөхөд нь хамжсан гэдэг. Тэгэхдээ “Өнчин дэр биш өдөн дэр гэе. Өнчин дэр гэж юу байдаг юм бэ” гэж маргалдснаас өөр зүйл дээр маргаагүй гэнэ. Тухайн үед 0182 дугаар ангийнхан Анагаахын дээд сургуультай хамтын ажиллагаатай байжээ. Хааяахан цэргүүд Анагаахын оюутнуудтай үдэшлэг зохиодог байсны нэг удаад энэ дууг анх дуулсан байна. Мөн цэргийн ангийн шинэ жилээр "Цэргийн бодол" дууг дуулахаар болж Д.Ганболд дүү нартаа бөмбөр зэрэг хөгжим захижээ. Ийнхүү өдгөөгийн “Хурд” хамтлагийн бөмбөрчин Д.Ганбаяр ахдаа хөгжим дөхүүлж, цэргийн ангийн тайзан дээр ахынхаа ард бөмбөр тогложээ. Тэгэхэд Д.Ганбаяр 13 настай байсан гэнэ. Тэрбээр энэ тухай “Зургадугаар ангийн хүүхэд байхдаа энэ дууны ард бөмбөр тоглоход эхний бадаг нь сэтгэлд их хүрч байсан” гэжээ.

     Дууны эзэд цэргээс халагдсаныхаа дараа нөгөө дууг нь Зүүнбаянгийн цэргүүд дуулж байна гэхийг сонсоод ихэд гайхжээ. “Цэргийн бодол” Зүүнбаян, Ховдын хязгаарын ангиудад өөр өөрөөр аль хэдийнэ тарсан байв. 1994 оны нэг өдөр Д.Ганболд дүү Д.Ганбаярыгаа гэртээ дуудаад шинэ гаргаж буй цомогтоо “Цэргийн бодол” дууг оруулахыг санал болгожээ. Ингээд хамтлагийнхан ярилцаж Д.Төмөрцогоор эрэгтэй, эмэгтэй хоёр харьцаж дуулж буй юм шиг дуулуулахаар болон “Бүсгүй чи минь” гэдгийг “Бүсгүй би чинь” гэх зэргээр багахан өөрчлөөд дуулуулсан байна. Энэ дууны тухай хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “Намайг нэг, хоёрдугаар ангид байхад цэргээс халагдаж ирсэн ах нар маань энэ дууг их дуулдаг байлаа. Банзан гитар барьчхаад гэрт ч нэг, гадаа ч нэг найзуудтайгаа дуулна. Талийгаач болсон том ах Д.Ганболд маань энэ дууны үг, аяыг зохиосныг би бүр сүүлд мэдсэн” хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: “25” дугаар суваг телевизийн “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэг.