images

“Өнө мөнх орон”


“Өнө мөнх орон” дууны шүлгийг бичсэн яруу найрагч Л.Өлзийтөгс дуу бүтсэн түүхээ нүүр номдоо хуваалцсаныг товч сийрүүлье.

     Дуучин Отгонжаргал нэг удаа эгчээрээ утасдуулаад манайд ирэв. “Сэтгэлийн эгшиг”-ийг дуу болгох хүсэлтэй гэнэ. “Шарав ах бид хоёр танаар үг бичүүлье гэж ярилцаад аа” гэсэн. “Ямар сэдэвтэй дуу болгох хүсэлтэй байна гэсэнд “Та өөрөө л мэдээд ямар ч хамаагүй үг бичээд өг, хайрын тухай ч юм уу” гэлээ. Энэ хөгжмийг тэр үед хүмүүс “оршуулгын ая” гэж нэрлэдэг болоод байсан л даа. Талийгаачдын эмгэнэл ТВ-ээр явахтай зэрэгцээд “Сэтгэлийн эгшиг”-ийг нэвтрүүлдгээс болоод. Харин надад энэ хөгжим өөр мэдрэмж төрүүлдэг. Тиймээс олны дунд тогтсон ойлголтыг өөрчилж чадах эсэхээ үзмээр санагдаж зөвшөөрчихлөө. Ээжийн тухай дуу болгоё гэж эхлээд бодсон. Гэтэл яг тэр орой ах минь Америкаас утсаар ярьж таарав. Тэгэхэд ойр дотнын олон хүн, дөрвөн ч сайн найз минь гадаадад амьдарч байсан. Бүгд эх нутгаа санаж эмтэрдэг ч буцах гэхээр нэг л болохгүй байгаагаа утсаар ярихдаа хуучилцгаах. Ингээд л гадаадад байгаа монголчуудыг эх оронд нь дуудсан дуу хийе гэдэг санаа агуулж эл шүлгийг бичсэн нь чин үнэн болно. Энэ дууны утга ийм. Нэгдүгээрт, эх орон минь надтай мөнхөд хамт байдаг гэсэн шууд утгатай. Хоёрдугаарт, дээрх санаагаа давтан гүнзгийрэхдээ МӨНХ гэдэг үгээр дамжин шүлгийн гол санаа сэм хуваагддаг. Тодруулбал, “эх орон минь надтай мөнхөд хамт байдаг” хэмээх утга “эх орон минь намайг мөнхөд дууддаг” гэсэн санаа руу мэдэгдэлгүй шилждэг юм. Шарав ах дуундаа сэтгэл хангалуун байсан. Нэг удаа Соёлын Төв Өргөөнд тааралдаад дээд давхрын нь ресторанд дагуулж орон Аюур бид хоёрыг дайлж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн билээ, “Ах нь даана шүү!” гээд л. Тэгэхдээ "Манайд найрал дуу их ховор. Тиймээс дуурийн театрын найрал дуучдад өгч, энэ дууны шинэ хувилбар гаргана" гэж ярьсан. Үнэхээр л “Сэтгэлийн эгшиг” хөгжим эх орны тухай дуу болсноосоо хойш найрал дуучдын гурван ч хувилбарыг үзээд байна. Шарав ах өөрөө гурвууланг нь харсан, сонссон. Поп опера, дуурийн найрал, поп гээд ямар ч хэлбэрээр дуулж болж байгаа нь Шарав ахын аялгуулаг, гэгээлэг, авьяаслаг хөгжмийн л хүч.