images

“Халуун элгэн нутаг”


   "Халуун элгэн нутаг" дууны үгийг 1960-аад онд СГЗ яруу найрагч Ж.Бадраа бичиж, аяыг нь Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав зохиожээ. 1962 онд олны хүртээл болсон “Түмний нэг” киноны нэг хэсэгт энэ дууг зориулан бүтээсэн байна. Уг киноны бүх хөгжмийг Ц.Намсрайжав зохиосон бөгөөд хөдөө талд морьтой яваа хүний дүрслэлийн хэсэгт дуу шинээр зохиохоор болж Ж.Бадраа руу утастжээ. Тэгээд киноны нэг хэсгийн зургийг явуулсныг Ж.Бадраа үзтэл үг нь аяандаа л урсаад ороод ирсэн байна. Төд удалгүй 20 минутад шүлгээ бичээд Ц.Намсрайжав руу явуултал аяыг нь 30 минутын дотор зохиочихжээ. Дууны "Халуун элгэн нутаг" хэмээх нэрийг ч тэр Ж.Бадраа аль хэзээний бичиж яриад дассан байж. Гадаадад амьдарч байхдаа гэр лүүгээ захидал бичихдээ “Элгэн халуун нутаг минь. Сайн байна уу?” гэж эхлүүлдэг байсан гэнэ. Тиймээс ч энэ үг, бодол яруу найрагчийн зүрхэнд байнга хадаастай байсан гэдгийг хожим түүний гэргий "Дуу төрсөн түүх" нэвтрүүлэгт дурсжээ. Энэ дууг хамгийн анх УГЗ Л.Эрдэнэбулган дуулж олонд хүргэсэн төдийгүй уран бүтээлийн гараагаа эхэлж байв. Түүний ард Улсын филорманийн симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож Ц.Намсрайжав хөгжимчдийг удирдан "Түмний нэг" кинонд зориулан хоолойгоо бичүүлж байжээ. Дараа нь БНМАУ-ын Ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин Д.Жаргалсайхан дуулсан байна. Уг дуу 1971 онд Төрийн шагнал хүртсэн бол 1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар XX зууны манлай дуу болж байв.

Эх сурвалж: 25 дугаар суваг телевиз "Дуу төрсөн түүх" нэвтрүүлэг.