Мануус ба мажарууд: 780 жилийн тэртээ
Чихэнд чимэгтэй
2022-11-24
Өнөөдөр Европын холбоо гэдэг хэлбэрээр нэг биеллээ олоод буй даяаршлын үзэл санааг 800 жилийн тэртээ тунхаглаж, нэгэн төрлийн ийм холбоог (Монголын эзэнт гүрэн) бий болгон удирдаж явсан монголчуудын их үйл хэргийн хүрээнд хамрагдаж асан унгарчууд саяхан нэг хэсэг Европ гэдэг “улсын” их хурилдайг (Европарламент) толгойлсон билээ. Хурилдай даргалах болтлоо даяаршлын их үйлсийн чухал эрэг шураг болж томорсон унгарчуудыг тэртээ XIII зуунд Монголын даяаршлын давалгаа өөртөө хаман нийлүүлсэн нэгэн онцгой үйл явдлын талаар уншигчдадаа толилуулж байна.
Ер нь монголчууд, тэдний өвөг дээдэстэй харилцаж байсан унгар буюу мажаруудын түүх үнэндээ бол үүнээс ч өмнө эхэлсэн юм. МЭ 400 оны үеэс 1380 он хүртэлх Унгарын түүхийг зурагласан “Chronicum Pictum” хэмээх далай их сударт Хүннүгийн Аттилаг янз бүрээр дүрсэлсэн нь өнөө үед хүрч иржээ. Төв Азиас Европт цэрэглэн хүрсэн Аттилагийн хүннүчүүдийг өнөөгийн мажаруудын өвөг дээдэс гэж үзэх хүмүүс ч бий. Туркээс гадна Унгарт Аттила гэдэг нэр хамгийн түгээмэл байдаг. 1823 онд зохиогдсон өнөөгийн Унгар улсын төрийн дуулалд “Бэндешийн үр хойчис бид” гэж гардгийн Бэндеш гэдэг нь Хүннүгийн хаан Аттилагийн эцэг Мунзукийн нэр орчин үеийн мажар хэлэнд сунжирч тогтсон нь тэр, мөн нийслэл Будапешт нь Буда, Пешт гэж хоёр хэсэгтэйн Буда гэдэг нь Аттилагийн ах Бледагийн нэр аанай сунжирсан нь мөн гэж орчин үеийн хэл шинжээчид үзэх нь бий. Ердөө саяхан буюу 2005 онд Унгарын иргэн, өөрсдийгөө Аттилагийн шууд удмын хүннүчүүд гэж үздэг 2500 гаруй хүн үндэсний цөөнхийн тусгай статус олгож өгөхийг хүсч Засгийн газартаа хандаж байв. Энэ мэт олон сонин баримт мажаруудын угсаа гарвалыг Төв Азийн нүүдэлчидтэй холбох гайхам сайхан эргэцүүллийг бий болгодог билээ. Монголчуудын өвөг дээдэс мажаруудтай хийсэн дараагийн их уулзалт одоогоос 772 жилийн өмнө буюу 1241 оны яг энэ өдөр болжээ. Шайо буюу Давст голын хөвөөнөө болсон энэ үйл явдлыг Унгарын түүх, мөн дэлхийн цэрэг дайны түүхэнд Шайогийн тулалдаан, Мохийн хөндийд болсон тулалдаан гэхчлэн нэрлэдэг.
Шайо голын тулалдааны бүдүүвч зураг
Дэлхийг нэгэн дээвэрт нэгтгэхийг зорьсон Монголын их цэрэг Бат хааны удирдлага дор баруун хойш аялсаар Оросын нутгийг шударч гараад 1241 онд Киевийг авч улмаар хоёр хуваагдан гол хүч нь Польшид цөмөрсөн бол Шибан, Хадаан нарын толгойлсон их цэрэг Унгарыг зорьжээ. Унгарчууд анх монголчуудын аюул айсуйг сонссон нь 1229 он бөгөөд Оросоос зугатаж очсон хэсэг ноёд Унгарын Андраш II хаанд энэ тухай дуулгажээ. 1237 онд санваартан Жулианус Андраш II-ын ширээг залгамжилсан Бела IY хаанаас элчийн үг авч Бат хааныг гэдрэг эргэхийг ятгахаар угтаж очсон бөгөөд буцахдаа авч ирсэн тулган шаардах бичигт нь Бат хаан мажаруудыг үг дуугүй бууж өгөхийг шаардсан бөгөөд үгүй бол голомтыг нь самарна гэсэн байв. Хариу ирээгүй тул Бат хаан 1239 онд баруун тийш зугатсан куманчуудаар нэг, 1241 онд ялагдсан польшуудаар бас нэг захиа илгээжээ. Бела IY хаан монголчуудын хилэнг хөдөлгөхөөс айж 1240 онд Черниговын ван Ростиславт охиноо өгөх гэж байсан, мөн Галицын ван Даниил Романовичийн охинтой хүүгээ гэрлүүлэх гэж байснаа болиод байсан боловч монголчуудын довтолгоо зайлшгүй гэдгийг Бат хааны сүүлчийн захиа ирсэн 1241 онд л нэгмөсөн ухаарчээ. Ингээд монголчуудтай тулахаар шийдэж цэрэг дайчлахын хамт Европын орнууд, Пап ламаас тусламж хүсчээ. Түүний хүсэлтийг хүлээж авсан Австрийн хунтайж Фрэдерик цөөн тооны хүнд морин цэрэг авч ирэв. Унгарын цэргийн хүч сулаас гадна ихэс ноёд нь Монголын аюулыг бүрэн дүүрэн ухамсарлаагүйгээс гадна Бела IY хааны төвлөрсөн засаглал унавал өөрсдийнх нь эрх хүч нэмэгдэнэ гэж тооцоолсон нь ч байсан тул байдал тун хүнд байв. 1241 оны гуравдугаар сарын дундуур монголчууд Карпатын нурууг Веретийн (“Оросын хаалга” ч гэдэг) даваагаар даван Унгарт орж ирсэн бөгөөд мөн сарын 16 гэхэд Бат хааны 10 мянган морьт цэргийн түрүүч болох Шибаны (Батын дүү) анги Пештийн (одоогийн Будапешт) барааг харжээ. Хадааны (Гүюгийн дүү) анги арай урдуур тойрч Молдав, Трансильванийг дайран Унгарын Бистрица, Орадя, Темешвар хотуудыг авав. Мөн бас нэг багавтар анги бүр урдуур буюу Валахын нутгаар аялж Арад, Перг, Ерес гэдэг хотуудыг авсан шиг явжээ. Карпатын нурууны баруунтай, Дунай дундадын нам дор газар буюу нөгөө нэрээр Панноны уужим хөндийд бусад замын цэргээсээ хоёр долоо хоногийн өмнө гарч ирсэн Бат Унгарын гол хүчнээс 20 километрийн зайд хүрээ бууж арын хүчээ хүлээхийн хамт унгарчуудыг үе үе сандарган дав дувхийлгэж суув.
Бела IY хаан эхлээд яаран хөдлөхгүй дайснаа харзнах бодлого барьж байсан боловч холбоотнууд нь үүний эсрэг байжээ. Тэрбээр монголчуудаас хүн хүчний хувьд хавьгүй илүү байснаас гадна Батын цэргийн нэлээд нь эзэндээ үнэнч эсэх нь эргэлзээтэй орос цэргүүдээр бүрдсэнийг мэдэж байсан, дээр нь нэр төрийн хэрэг гэж бий тул холбоотныхоо үгийг авч цэрэг бүрэн цуглахаас өмнө монгол цэрэгтэй тулахаар шийдсэн байна. Дайснаа ийм гэнэтийн шийдвэр гаргана гэж санаагүй Бат хаан Унгар-Хорватын цэрэгтэй дангаар байлдахад хүчин мөхөстөхөө тооцоолоод Баруун этгээдэд хийсэн аян дайныхаа туршид бараг анх удаа ухарчээ. Унагрчуудад араасаа аажмаар нэхүүлэн зүүн тийш хэдэн өдөр аялсан Бат Карпатын нуруу хүрэх замын хугаст Сүбээдэйн их цэрэгтэй нийлэв. Улмаар Унгарын хувь заяаг шийдсэн түүхэн тулалдаан дөрөвдүгээр сарын 11-нд Мохийн хөндий гэдэг газар, Шайо голын хөвөөнд болов. Монгол цэргийн толгойн ангийг зургаан өдөр нэхсэн Унгар-Хорватын цэргийг Монголын гол хүч энд хүлээн авч байлдсан байна.
Белла IV хаан монгол жанжин Хадаанд хөөгдөн зугтаж буйг дүрсэлсэн хуучны зураг
Унгарчуудын гол түшиц болж байсан ширүүн урсгалт Шайо гол дээрхи 200 метр урт гүүрийг тойрон 11-ний үүрээр эхэлж бүтэн өдөр үргэлжилсэн тулалдаан монголчуудын цэргийн гарамгай ур чадварыг гялалзтал харуулж тэдний бүрэн ялалтаар төгссөн билээ. Сүүлийн үеийн Европын эрдэмтдийн судалгаагаар Шайогийн тулалдаанд Унгар, түүний холбоотнуудын 60 мянга, Монголын 30 мянган цэрэг оролцсон гэдэг. Мөн Жүвэйнийн түүхэнд монгол цэргийн хүч дайснаасаа хоёр дахин бага байсан гэжээ. Унгарчууд хүн хүчнийхээ 80 хувийг алдсан бөгөөд Монголын талаас 1000 гаруй цэрэг амь хохирсон гэж зарим судлаач тэмдэглэсэн нь бий. Хүнд чулуу харвагч, хиймэл гүүр зэрэг цэрэг байлдааны олон чухал арга хэрэгслийг унгарчууд болон тэдний холбоотнууд энэ тулалдаанд л анх удаа үзсэн гэнэ. Дайсныхаа гол хүчийг бүрэн бүсэлсэн монголчууд бүслэлтээ хумиагүй бөгөөд зугтагсдыг аажуу тайвнаар нэхэн цөөн цөөнөөр арилгаж явсаар зургаан өдрийн дараа тэдний сүүлийг даран Пешт хотод орсон гэдэг. Бела IY хаан гэр бүлээ авч Австрид зугатан очиж хоргоджээ. Хадааны цэрэг Бела IY-ийг нэхсээр дараа жилийнх нь өдийд гэхэд Хорват, Далмацийг эзлэн Адриатын тэнгисийн эрэгт хүрсэн бөгөөд улмаар зүүн урагш эргэн Серб, Болгарыг эзэлсэн юм. Унгарыг шинээр төвхнүүлэх ажлыг эхлүүлж Унгарын эзэнт гүрний Дунайн цаадах нутгийг тойрог болгож хуваан тус бүрт нь хүн тавьсан Бат цэргийнхээ нэг хэсгийг Хадааны араас илгээхийн хамтаар Австри, Италийг дайлах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ. Польш болон түүний холбоотнуудтай дайтсан алдарт Лигницийн тулалдаанд (1241 оны дөрөвдүгээр сарын есөн) ялж гарсан Байдар жанжин (Цагаадайн хүү) энэ үед Австрийн Вена хотоос 14 км зайтай Нойштадт хотыг “дурандаж” суусан гэж Европын түүхэнд бий. Бэхлэлт сайтай зарим хотууд монголчуудад автаагүй байсан ч Унгарт монгол даргач суусан бөгөөд Бат хааны нэртэй зоос ч цутгасан гэдэг.
Бела IY Австрийн хаан Фридрих II-ын өмгөөлөлд орсон боловч үүнийхээ төлөөсөнд Унгар улсын сан хөмрөгийг тэр чигээр нь, дээр нь гурван аймгаа өгсөн нь түүхэнд үлдсэн юм. 1242 онд монголчуудыг нутаг буцсаны дараа тэрбээр нутагтаа буцаж иржээ. Улс орноо батлан хамгаалахад бэхлэлт ямар чухал болохыг ойлгосон тэрбээр энэ ажилд түлхүү анхаарсан байна. Мөн хүн амынх нь 20-40 хувь нь монголчуудын довтолгоон, мөн халдварт өвчинд үрэгдэж аж ахуй нь сүйрсэн улс орноо сэргээн босгоход мөнгө хөрөнгө туйлын дутмаг байсан тул жүүдүүдийг ихээр суурьшуулж, худалдаачид, хөрөнгөтнүүдэд өргөн эрх олгожээ. Түүний энэ ажлыг түүхэнд “Унгарын хоёр дахь сэргээн босголт” гэдэг.
Монголчуудын байлдан дагуулалд автсан Зүүн Европын олон үндэстний нэгэн адилаар унгарчууд ч мөн Баруун Европт монголчуудын цөмрөлгүй нутаг буцсаныг өөрсдийнхөө гавъяа гэж үздэг. Гэвч Унгарын олонх түүхч энэ явдлыг Өгөөдэй хаан нас барсантай холбож буюу бодит үнэнд илүү ойроор дүгнэдэг билээ.
Адриатын тэнгисийн зүүн хөвөөн дэхь Клис хэмээх энэ цайзыг монгол жанжин Хадаан Унгарын хаан Бела VI-ыг нэхэх замдаа 1242 оны гуравдугаар сард уулгалж байв. Одоогийн Хорват улсын нутаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.