"Чи сайн хуурч, харин архи уудаггүй муу хүн"
Өнөөдрийн Хууч
2025-02-17
Алдарт хуурч Г.Жамьян маршал Х.Чойбалсантай нүүр тулан уулзаж, Х.Шаравжамц аварга хонины ууц өвөртлөхийг харж, Ж.Самбуу гуайд магтуулж, Ю.Цэдэнбал дарга орос дууг солгой хоолойгоор дуулахыг сонсож явсан тухайгаа ийн хуучилж байжээ.
“Би Саруул гүний хошууны Хэрлэнбарс хотод төрсөн, одоогийн Дорнод аймгийн Булган сумын хүн. Ах дүү тавуул. Эцэг маань Саруул гүний жасаа тамгын газар алба хашдаг, дунд зэргийн хөрөнгөтэй, бичгийн хүн байлаа. Эцгээрээ бичиг заалгаж гэрийн боловсрол олсон. Одоо бодоход аав минь бичгийн төдийгүй соёлын боловсролтой хүн байжээ. Энд тэнд хууртайгаа залагдан дуулж, хуурдана. “Алиа саарал”, “Эр бор харцага”-аас аваад ардын уртын болон богино дууг гайхалтай сайхан хуурдана. Найман настайд минь аав надад хуурын хөг заасан. Яван явсаар дуу оруулдаг болж “Алиа саарал”-ыг давгүй хуурддаг болсон. Айл саахалтынхан намайг хуурч болох нь гэж өхөөрдөн урам хайрладаг байлаа. Хааяа хөгшид намайг дуудан “Ингэ ботгоо голчихлоо. Жамьян хүү хуурдаад ботго авахуулаад өг” гэдэг байв. Тэмээ өрөвдмөөр амьтан. Хуур татахад том том нулимс унагаан ботгоо авна. Ингэж явж л би хуурын ид шидийг үзсэн хүн. Ээж аав минь намайг гайгүй хуурч болж магадгүй гээд хар бор ажил хийлгэдэггүй байв.
15 настайдаа анх удаа аймгийн наадамд очиж хуурдах урилга авлаа. Тэр үеийн монгол наадам хуур татдаг бүхнээ цуглуулж, уртын дуучид нь “Түмний эх”-ийг уянгалуулан наадам эхэлдэг байв. Нэг өдөр аймгийн Гэгээрлийн хэлтэс дээр дуудлаа. Очтол "Улаанбаатарт шинээр нээх урлагийн сургуульд явах уу?" гэдэг байна. Хөөрсөн гэж жигтэйхэн. Гэртээ ирээд хэлтэл аав, ээж ч баярлаж байна. Аав минь мөнгөн гуутай бурхан хүзүүнд минь зүүж өгөөд аян замд үдэж билээ. 1937 оны тэр өдөр аав бид хоёрын сүүлчийн уулзалт байсныг балчирхан би яахин мэдэх билээ. Хотод ирээд энд тэндхийн залуустай хөгжилдөн наадаж байхдаа ч, хүүхдүүд шоолоод байхаар аавынхаа зүүж өгсөн бурхныг хашаа давуулан чулуудаж байхдаа ч аавыгаа хэлмэгдлийн сүүдэрт өртөж дахин ирэхгүй болсныг мэдээгүй явсан юм. Манай нутагт Чингисийн тугийг тахидаг Чингисийн сүм гэж байлаа. Тэнд есөн өрлөгөөрөө хүрээлүүлсэн их эзэн Чингисийн томоос том цаасан шуумал байсан юм. Тугийг тахих үеэр аав “Чингисийн өчил” номыг уншина. Бүх нийтээр хоморголон хороож байсан тэр цагт ийм хүн байтугай ямар ч гэм зэмгүй хүн хэлмэгдэж байлаа шүү дээ. Аавынхаа цаазаар авахуулсныг бүр хожим 1938 онд сонсоод ихэд гашуудаж билээ.
Манай сургуульд хориод хүүхэд цугларч Түдэв багшид шавь орсон бөгөөд тэндээс Буян бид хоёр л хуурч болсон юм. Сонирхуулж хэлэхэд, зохиолч С.Удвал манай сургуулийн анхны шавь, шанз тоглодог байсан юм. Хожим нь хөгжимчин биш уран зохиолч болсон. Би хуурч болоод Магсар хурцын Дугаржавтай хамт тайзнаа гарч байсандаа бахархдаг. Тэрбээр монгол ардын дууг яруу цээл хоолойгоор дуулна. Өөрөө дуу зохионо. Нэг удаа манайхан дуу зохиохоор хотоос гарч Богд ууланд очжээ. Дугаржав гуайтай театрын орлогч дарга Цэрэндорж болон хэсэг хөгжимчид явжээ. Тэнд Дугаржав гуай “Үхэрчин хүү Цэрэндорж”-оо зохион дуулж хөгжимдсөн гэдэг. Хожим Тувад Элчин сайдаар сууж байгаад ирээд удалгүй баривчлагдан алга болсон. Ингээд л тэр сайхан хүний пянзанд бичүүлсэн дуу нэг л өдөр эзэнтэйгээ хамт сураггүй болсон доо.
Улс хувьсгалын 25 жилийн ойгоор анх удаа маршал Х.Чойбалсантай уулзав. Наадмын дараа отгон найр хийдэг байлаа. Тэгэхэд бид найрт уригдаж тоглосон юм. Тэр жил “Их Монгол” Шаравжамц аварга бөхчүүдээс анх удаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан юм. Маршал наадмаар бор үйтэн хуаран дээл, цагаан сийрсэн малгай өмсөнө. Маршал хишиг хуваахдаа Шаравжамц аваргад бүтэн ууцны талыг барилаа. Аварга нүцгэн бие дээрээ том дээл өмссөн байсан бөгөөд тэрбээр тал ууцыг гудиггүй аваад шууд өвөртөлж байж билээ. Үнэхээр том биетэй хүн байсан. Мөн Ж.Самбуу гуайн 70 насны ой дээр Норовбанзад бид хоёр уригдлаа. Биднийг дуулж хуурдахад Ж.Самбуу гуай сэтгэл нь ихэд хөдөлж “Залуу нас минь ирэх шиг боллоо” гэж билээ. Маршал хэдийнээсээ наргианч хүн, бидний тоглолтыг үргэлж үзнэ. Ардын урлагтаа их хайртай хүн байсан. Гэхдээ дуулж байхыг нь сонсоогүй. Харин Ю.Цэдэнбал гуай солгой хоолойтой хүн байв. Үүнийг нь би Ж.Самбуу гуайнд уригдахдаа мэдсэн юм. Тэр ой дээр Ю.Цэдэнбал дарга нэг орос дууг солгой хоолойгоор дуулж байсныг санаж байна.
Миний бие улсын эрхэм зохиолч Л.Цэнд-Очирын “Цогт идэр манай залуучууд” дуунд ая зохиолоо. Харамсалтай нь тэр бүтээл маань удалгүй хаагдсан бөгөөд Л.Цэнд-Очир эсэргүү хэмээн баригдаж олон жил шоронд суусан. Бидний дуунд “Өвөг эцгийн тугийг өргөнө” гэсэн мөр байсныг Дотоод яамныхан байцаахдаа “Энэ хэнийг хэлж байгаа юм?” гэж асуусан гэдэг. Анхны бүтээл маань ийнхүү бүтэлгүй боллоо. Дараа нь Ч.Ойдовын “Миний баясгалан” хөгжимт жүжигт ая хийсэн. Тэр үед нэг хөгтэй явдал тохиолдож билээ. 1941 онд бид Орхоны сав нутгаар бригадаар явж байтал морьтой хүн биднийг чиглэн давхиж айсуй. Тэрбээр бидэнд Орост дайн эхэлсэн туухай таагүй мэдээ дуулгадаг юм байна. “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр бид бүгдээрээ фронт явж байлдах юм ярьсаар хотод ирлээ. Гэтэл манийг юун фронт явуулах, “Цогт тайж” киноны хөгжим тогло" гэдэг байгаа. Хэдийгээр Зөвлөлтөд дайн болж байсан ч Эрхүүгээс хөгжимчид ирчихсэн, бидэнтэй уг киноны хөгжмийг бүтээж билээ. Би архи бараг уудаггүй байлаа. Тэгээд ч тэр үү, тэр бүр олон хүнтэй дотно үерхдэггүй. Ямар сайндаа Л.Мөрдорж согтчихоод “Чи сайн хуурч, харин архи уудаггүй муу хүн” гэж хошигнож байхав. Гэхдээ би уудаг ч авьяастай найз нараа хүндэлж хайрлаж явдаг. Би чинь цэл залуу 25 насандаа Гавьяат цол хүртсэн юм. 1966 онд Ч.Лодойдамба гуай хэсэг уран бүтээлчдийн бүтээлийг сонгон концерт бэлтгэсэн юмдаг. Түүний дараахан Төрийн соёрхол хүртсэн дээ. Сонирхуулж хэлэхэд, надад маш сайхан хуур байсан. Олон наадамд авч явж, очсон орон бүрийнхээ нэр, буусан өдрийнхөө хуанлийг хуур дээрээ бичсэн байсан юм. Нэг нөхөр маань авч яваад эргүүлж өгөөгүй байгаад бурхан болсон. Өөр нэг сайн хуур байсныг Өвөр Монголын алдарт хуурч Чи.Булагт авьяасыг нь үнэлэн бэлэглэж орхисон юм”.
“Ардын эрх” сонин. 1995 оны гуравдугаар сарын 16. No.50 (1005)