images

Э.Мөнх-Учрал: Монголчуудаас манж нарт өгсөн хамгийн том бэлэг бол монгол бичиг

Д.Бизьяа

Хэлтэй бол хөлтэй

2022-12-06


МУИС-ийн дэд профессор, доктор, манжич Э.Мөнх-Учрал манай “Хэлтэй бол хөлтэй” буланд манж хэл, түүний онцлог, сонин содон зүйлсийн тухай, энэ ховордсон хэлийг хэрхэн сурсан тухайгаа дэлгэрэнгүй хүүрнэснийг толилуулж байна. 

Индиана Жонсоос болж эх бичгийн анги сонгов

     Манж хэл үзэх болсон маань нэгд сониуч зангийнх, хоёрт тохиолдлынх юм болов уу. Би их сургуулийн элсэлтийн шалгалтаа монгол судлал, хууль, олон улсын харилцаа гэсэн гурван сургуульд өгсөн юм. Монгол хэлнийх нь дүн түрүүлж гарсныг үзтэл, нэгдүгээрт оржээ. “Нэгд орсон сургуульдаа л оръё ерөөсөө” гэж тэр дороо л шийдчихсэн. Тэгээд МУИС-ийн Монгол судлалын сургууль дээр очтол монгол хэл, уран зохиол, эх бичиг судлалын гэж гурван ангиас дуртайгаа сонгоод ороорой гэв. Эх бичиг гэдэг нэрийг огт сонсоогүй байсан болохоор “Юу сурах вэ?” гээд асуусан чинь, монгол бичиг, тод, дөрвөлжин гээд Монголын олон бичиг, дээр нь манж, төвөд хэл, дараа нь хятад, франц гээд олон хэл үздэг гэв. Хүүхэд байхад хамгийн дуртай кино маань “Индиана Жонс” байсан. Индиана Жонс эртний бичиг тайлж уншиж байгаа нь нүдэнд үзэгдээд л Эх бичиг судлалын ангийг сонгосон доо.

     Манж хэлний хичээл орохоос өмнө Ё.Жанчив багш хичээл дээрээ бидэнд манжаар нэг өгүүлбэр хэлж өгсөн юм. Тэр бол манжаар сурсан миний анхны үг, өгүүлбэр байлаа. “Би Монгго гүрүн-и амба тачику-дэ тачимби” буюу “Би МУИС-д сурдаг” гэсэн утгатай. Бид эхний жилдээ манж хэл, төвөд хэл хоёуланг нь үзээд, хоёр дахь жилээсээ аль нэгийг нь сонгон судалдаг хөтөлбөртэй байв. Манж хэл илүү сонирхолтой санагдаад, төгстөлөө манжийн сонгонд сурсан. Диплом дээр мэргэжил маань “Эх бичиг судлаач”, мэргэшил нь “Манжич” гэж байдаг. Манай ангид манж хэлийг “а”-гаас нь эхлэн бүтэн жил заасан хүн бол Т.Отгонтуул багш маань юм. Анхны суурийг минь сайн тавьж, урамшуулж ирсэнд нь би маш их баярлаж явдаг. Багш маань Солонгост суралцахаар явж, хоёрдугаар ангиас М.Баярсайхан багш их сургууль төгстөл гүнзгийрүүлэн зааж өгсөн юм. М.Баярсайхан багшийнхаа удирдсанаар “Манж, монгол хэлний үндсэн тооны нэрийн харьцуулал”, “Манж, монгол хэлний урт эгшгийн харьцуулал” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл бичиж, оюутны эрдэм шинжилгээний хуралд түрүүлж, бас байр эзэлж байв. М.Баярсайхан багш маань миний судалгааны ажлын эхлэлийг тавьж, урам зориг төрүүлж өгсөн ачтай хүн. Алдарт манжич Я.Шаарийбуу гуайн гарын шавь нь юм.  

Я.Шаарийбуу багштан

     Я.Шаарийбуу багш бол маш сонин түүхтэй хүн. 100 насыг зооглож зургаадай таяг тулсан энэ хүний намтар, дурсамжаас хэлбэл тэрбээр 1909 онд Хөлөнбуйрын Хөвөөт цагаан хошуунд төрж, зургаан настайгаасаа манж, долоон наснаасаа монгол, естэйгөөсөө төвөд бичигт суралцсан төдийгүй орос, хятад хэл бас үзэж байжээ. Бага залуугаасаа манж, төвөд, монгол бичгийн багш, яамны бичээч, байцаагч хийж, 1932 онд Манж-Го улсын нийслэл Чанчунь хотод Манжийн хааны ордны торгон цэргийн хэлтэст тусгай сургууль хийж, Манжийн сүүлчийн эзэн хаан Пү Ийн торгон цэрэг явсан. Сумангийн даргаас хошууч цолтой хорооны дарга хүртэл цэргийн албанд зүтгэсэн бөгөөд 1940 оноос Өвөр Монголын Жалантүн хотын Багшийн дээд сургуульд багшилж, 1942 оноос Чанчуньд цэргийн академид суралцаж байгаад хурандаа цолд хүрсэн хойноо эрүүл мэндийн улмаас чөлөөлөгджээ. 1945 онд 700 гаруй хүн амтай, 70 орчим мянган малтай 250 гаруй өрх Өвөр Монголын Хөлөнбуйр аймгаас нүүдэллэн Монгол улсад сайн дураар ирснийг тухайн үеийн төр засаг Дорнод аймагт газар олгож Хөлөнбуйр сум болгон тохинуулсан түүхтэй. Тэднийг ийн ирүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэснээсээ болж 1949 онд хэлмэгдэн баривчлагдаж ч байв. Хөлөнбуйр суманд ”Шинэ зам” нэгдлийн бригадын дарга байгаад 1959 оноос МУИС-д багшлан үе үеийн эрдэмтэн сэхээтэнд манж хэл заасан хүн. Я.Шаарийбуу багшийн 100 насны ойг МУИС 2009 онд тэмдэглэсэн юм. Тэр үеэр багш маш их баярлаад, дугуй зааланд суусан олонд “Та нар таван ашидыг маш санаж яваарай” гэж захьсан нь санаанаас огт гардаггүй. Энэ нь Сан зы жин буюу “Гурван үсэгт ном” гэдэг сургаалын зохиолд өршөөл, журам, ёслол, мэргэн, бат тавыг хүн ашид баримталж явахыг сургаж “Таван ашид” хэмээн томьёолсныг хэлсэн хэрэг байв.  

Морины хээрийг манж хэлээр кэйирэ гэдэг

      Манж хэл бол гарлын хувьд монгол хэлтэй төрөл, Алтай язгуурын хэлэнд багтана. Монгол хэлтэй адил залгамал бүтэцтэй, язгуурын араас дагавар, нөхцөл залган ордог. Эгшиг зохицох ёс нь монгол хэл шиг чанга биш, арай сулавтар. Жишээ нь, хаха гэж эрэгтэй хүн гэсэн үг бол хэхэ гэж эмэгтэй хүн гэсэн үг. Монгол хэл долоон эгшигтэй бол манж хэл зургаан эгшигтэй, ө эгшиг байхгүй. Эгшиг, гийгүүлэгч, гадаад үсэг нийт 30 үсэгтэй. Манайд х, г хоёр гийгүүлэгч байдаг бол манж хэлэнд энэ хоёр дээр нэмээд хоолойн угийн к гийгүүлэгч байдаг. Монголоор хууль, монгол бичгээр хаули гэж бичдэг үгийг манжаар кооли гэнэ. Манж, монгол хэлэнд ижил язгууртай, гарал нэгтэй юм уу харилцан бие биедээ орсон үгс нэлээд бий. Жишээ нь, монгол хэлний гүрэн гэдэг бол манжаар улс гэсэн үг бөгөөд манж хэлнээс монгол хэлэнд оржээ. Тухайлбал, морь малын холбоотой үгс монгол хэлнээс манж хэлэнд нэлээд орсон гэж үздэг. Морины хээрийг манж хэлэнд кэйирэ гэх жишээтэй.  

Манж нар яагаад монгол бичиг авав

     Манж нарын уг нутаг Манжуур бол эрт үеэсээ олон бичиг үсэгтэй танил байж ирсэн газар юм. Хятан улсын үед хятан бичиг хэрэглэж, дараа нь манж нарын өвөг дээдэс болох жүрчин нар Алтан улсаа байгуулаад хятан бичигт тулгуурлан жүрчин их, бага бичгээ зохиосон. Монголчууд Алтан улсыг буулгаж авсны дараа монгол хэлний нөлөө их болж иржээ. Юань улсын дараа Мин улсын үе болж ирэхэд Си-и-гуань хэмээх орчуулгын товчооны жүрчин хэлний тасаг албан бичгийг толь бичиг ашиглан жүрчин хэлээр илгээж байсан байдаг. Гэвч бодит байдал дээр өөр дүр зурагтай байв. 1444 онд Хайси жүрчиний нэгэн харуулын удирдагч Мин улсын хаанд 40 харуулын жүрчин нараас жүрчин бичиг ойлгох нэг ч хүн үгүй тул хааны зарлигийг монгол бичгээр бичиж өгөөч гэж хүсэж байсан бол Жяньжоу жүрчинд ч мөн хуучин жүрчин бичиг мэдэх хүнгүй болсон тул удирдагчид нь Хятад, Солонгостой монголоор харилцахыг хүсэж байсан гэдэг. Тиймээс албан бичгийн харилцаанд жүрчин хэл оршиж байсан ч бодит амьдрал дээр бараг мартагдсан байж. Ингээд үндсэндээ монгол хэл, бичгээр зонхилон харилцаж байгаад 1599 онд Манжийн анхны тулгар төрийг байгуулсан Нурхачи баатар Эрдэнэ багш, Гагай заргач нарт зарлиг буулган албан ёсоор монгол бичгийг авч, өөрсдийн хэлээ тэмдэглэсэн. Анх авч хэрэглэхдээ огт өөрчлөлгүй, монгол бичгийн цагаан толгойг яг тэр хэвээр нь авч хэрэглэсэн байдаг.

Тэдний, манай хоёр бичгийн ялгаа

     Монгол, манж бичгийн нүдэнд хамгийн тод үзэгдэх гол ялгаа нь хоёр тэмдэгт байдаг. Нэг нь дусал. Үсгийн ард тавьдаг, бийрийн үзүүрээр хүрэх төдий гарах дусал шиг буюу богино зураас мэт тэмдэгт. Нөгөө нь бинт. Үсгийн ард тавих жижиг дугуй тэмдэгт. Монгол бичигт хэд хэдэн авиаг нэг дүрсээр тэмдэглэдэг бол манжаар авиа, үсгүүдийг тодорхой ялгасан байдаг. Ялгахдаа энэ хоёр тэмдэгтийг болон зарим үсгийн дүрсийн ялгааг ашиглана. Жишээ нь монгол бичгийн шүд нь үгийн дунд орсон а юм уу э эгшиг байх боломжтой бол манжаар шүд нь а эгшиг, шүдний ард дусал тавиад э эгшиг болно. Монгол бичгээр, үгийн дунд орсон гэдэс нь у юм уу ү эгшиг байдаг бол манжаар, тэр нь о эгшиг, ард нь нэг дусал тавиад ү үсэг  болдог. Монгол бичгийн эр, эм үгийн х үсэг бол манжаар хоолойн угийн к гийгүүлэгч бөгөөд ард нь дусал тавиад г үсэг болох бол, бинт тавиад х болно. Энэ мэтчилэн нарийн ялгаж тэмдэглэсэн. Ийнхүү боловсруулах явдлыг Манжийн хоёр дахь хаан Хунтайж 1632 онд Дахай багшид зарлиг болгон гүйцэлдүүлсэн гэдэг. Ингэж боловсруулахаас өмнөх үеийн манж бичгийг дусал бинтгүй үсэг, хойшхыг дусал бинттэй үсэг хэмээн ялган нэрлэдэг. М.Эллиот, П.Кроссли, Э.Роски нарын эрдэмтэд монголчуудаас манж нарт өгсөн хамгийн том бэлэг бол монгол бичиг хэмээн онцлон тэмдэглэснийг дурдъя.

     Ер нь бичиг үсэг боловсруулсан, жүрчин нараа манж гэж өөрчлөн нэрлэж, эцгийнхээ байгуулсан Алтан улсыг Дайчин улс болгож, бүхэл бүтэн үндэстнээ, улсаа дахин томьёолсон нь Хунтайжийн нэг гавьяа, жүрчин нарыг түүхэнд дахин  “мэндлүүлсэн” хэрэг байсан. Энэ хоёр нэр нь хойшид энэ чигээрээ нэршжээ.

  Манж хэл Чин гүрний үеийн Монголд

     Дайчин улсын эхэн үед монгол хэлний нөлөө асар их байж, хаад нь чухал албан бичгүүдээ манж, монгол, хятад гурван хэлээр бичдэг байсан нь “Хуучин манж данс”, “Дайчин улсын бүгд хууль” зэрэг сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Мөн монгол хэлийг язгууртнуудын дунд чухалчлан хэрэглэж байсныг судлаачид онцолсон нь бий. Дайчин улсын Эеэр засагчийн үеэс Бээжинд төвлөх болсноос яваандаа манж хэлэнд хятад хэлний нөлөө их орж эхэлсэн. Дайчин гүрэн Монголын эзэнт гүрэн шиг олон хэлний бодлого хэрэгжүүлснийг судлаачид камчимэ буюу хавсран гэдэг үгээр нь томьёолон илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, эрхшээсэн улс үндэстнүүдийнхээ хэл, бичгийг албан бичиг, толь бичигтээ оруулан холбогдох газарт нь тэр хэлээр нь бичиж харилцаж ирсэн. Жишээ нь, Төвөдийн архивт хадгалагдаж буй Далай ламд олгосон өргөмжлөлүүд манж, монгол, хятад, төвөд дөрвөн хэлээр буй.

     Дайчин улсын үед Монголд Хүрээ, Улиастай, Ховдын жасаа, дөрвөн аймгийн чуулган, хошууны тамгын газар гээд засаг захиргааны нэгжүүдийн дэргэд бичиг хэрэг эрхлэх тогтолцоог бий болгож, бичээч суулган ажиллуулж байв. Тэдгээр бичээч ялангуяа Бээжингээс ирсэн болон тийш айлтгах албан бичгүүдийг орчуулах ажлыг хийж байжээ.  Бичээчдийг бэлтгэх үүднээс 1767, 1768 оноос Ховд, Улиастай тэргүүлэн хошуунд хүртэл сургууль байгуулж эхэлсэн. Тэндээ гүн, түшмэд, ард монгол хүний хөвгүүдээс ухаан сэргэлэнг нь сонгон авч монгол бичиг, манж хэл, манж бичиг заадаг байжээ. Манж хэл, манж бичиг нь голдуу хууль, албан бичгийн хэмжээнд тодорхой хэмжээгээр хэрэглэгдэж, бичгийн хүмүүсийн хувьд утга зохиол зэрэг бусад хэрэглээ байв. Ингэхдээ өмнө дурдсанчлан, олон хэлийг хавсрах бодлого барьж байсан учраас монгол хэл, бичгийг хориглох ямар нэгэн зүйл байгаагүй, монгол дотроо монгол хэл, бичгээ нийтээрээ хэрэглэж байсан байна.  

 Манжаар ярьснаас бичих нь ойлголцоход амар

     Манж хэл бол судалгааны хэл. Тиймээс уламжлалт аргаар сурна. Багш нар маань манж хэлний сурах бичгүүд, толь бичигтэй нөхөрлүүлж, утга зохиол, албан бичиг, түүхэн сурвалжийн бичгийн орчуулгуудыг манж, монгол хоёр хэлний хооронд хийлгэдэг байв. Элэгдэж ноортол нь эргүүлсэн ном маань бол “Манжийн утга зохиолын тойм”, “Манж үгний толь бичиг”. Англи, герман, хятад, солонгос зэрэг хэл шиг янз бүрийн олон сурах бичиг, харилцан ярианы видео элбэг биш л дээ.

     Бидний одоо манжаар ярьж, сурвалж уншиж байгаа нь манж ярианы хэлтэй хүмүүсийн хувьд, зүйрлэж хэлбэл орчин цагийн монгол хэлтэй хүмүүст яг монгол бичгийн хэлний дуудлагаар хэлж байгаа шиг сонстоно. Жишээ нь, “Чихин-ү чимэг болугсан айалгу сайихан монггол хэлэ минү”,  “Мину төрүгсэн нутуг” гэдэг шиг. Монгол бичгийн хэлээр ярьж байгаа юм шиг ярина гэсэн үг. Интернэтэд манж дуу, ярианы бичлэг байдаг. Тэндээс энэ ялгаа их тод харагддаг. Жишээ нь, судлаачид бид манжаар уул гэсэн утгатай “алин” гэдэг үгийг яг бичсэнээр нь “алин” гэж уншина. Гэтэл манж ярианы хэлээр үгийн эхний үеийн эгшгүүдийг их тод, өргөлттэй дууддаг. Бараг “аалин” гэсэн шиг хэлнэ. Бичгийн хэлэнд үгийн төгсгөлийн нөхцөлөө бид тод уншдаг бол ярианы хэлэнд үгийн төгсгөл их бүдэг, бараг хэлэгдэхгүй. Тэгэхээр яг орчин үед судлаачдын хувьд манжаар ярьдаг хүмүүстэй ярианы хэлээр ойлголцоход амаргүй, харин манж бичгээр нь бичээд харилцвал илүү сайн ойлголцоно.

Манж хэлтнүүд хаана байна?

     Дэлхий дээр 10 сая орчим манж үндэстэн бий гэж бүртгүүлсэн байдаг боловч өөрийгөө манж гэдэг хүмүүсийн дийлэнх нь манж хэл бичгээ мэдэхгүй. 1990-ээд оны судалгаагаар Хар мөрний орчмын манж тосгонд дөрөв таван настан, Нонни мөрний орчмын Гурван гэр тосгонд 50 орчим хүн, Дашин тосгонд гол төлөв 60-аас дээш насны нэг хэсэг хүмүүс манжаар хэлэлцэж байсан. Харин XVIII зуунд Манжуураас Шинжаанд хэсэг бүлэг хүн нүүж очсоны олонх нь манж хэлтэн шивээ нар байсан гэдэг. Тэдний хойчис одоо ч шивээ буюу өөрсдийн манж хэлээр ярьж хэлэлцсээр, манж бичгээр ном сонин хэвлэсээр байгаа. Манж хэлний хэрэглээ ердийн хүмүүсийн хувьд иймэрхүү боловч, дэлхий дахинаа судалгааны хүрээнд  эх сурвалжийг эх хэл, бичгээр уншиж судлахын үнэ цэнтэй холбоотойгоор манж хэлний боловсрол улам чухалд тооцогдсоор, сурах сонирхол нэмэгдсээр байгаа. Хэл, түүх, соёлын салбарт манж хэлтэй олон эрдэмтэн бий.

Миний хэрэглээ

     Миний хувьд манж хэлийг орчуулга, судалгаа, хичээлийн хүрээнд хэрэглэж байна. Манж хэл, Манж бичгийн хэлний зүй зэрэг хичээл заадаг. 2010 оноос хойш Манжийн үеийн монгол албан бичгийн судалгаа хийж архивын олон баримтыг уншиж судалж ирлээ. 2010 онд Дайчин гүрний Дотоод яамны монгол бичгийн гэрийн данс 10 ботиор гарахад нэг ботийг нь голлон манжаас орчуулж, монгол бичгээс хөрвүүлсэн. Манж хэл, түүх, албан бичгийн чиглэлээр зургаан өгүүлэл хэвлүүлж, гурван илтгэл Герман, Өмнөд Солонгос, Румынд хэлэлцүүлжээ. Оксфордын их сургуулиас холбогдох зөвшөөрлийг авч тэнд хадгалагдаж буй манж хэл дээрх Библийн орчуулгыг монгол орчуулгатай харьцуулсан өгүүлэл бичиж Румын улсад болсон эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж байв.

Манж хэлт монгол судлаачдын хэлхээ тасрахгүй

     МУИС-д 1950-иад оноос хойш эдүгээ хүртэл манж хэл сургасаар байна. Манай Эх бичиг судлалын анги 1990-ээд оны эхээр байгуулагдсан цагаасаа хаагдах хүртлээ 20 орчим жил оюутнуудыг манж хэлээр мэргэшүүлэн сургаж иржээ. Тиймээс МУИС-ийн хэлний салбарын үе үеийн оюутнууд манж хэл ямар нэг хэмжээгээр үзэж ирсэн. Тэр дундаас, мэргэшин судалсан эрдэмтэн судлаачид, ШУА, Үндэсний архив, номын сан, их сургуулиуд гээд дотоодын төдийгүй гадаадын холбогдох байгууллагуудад ажиллаж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.